"Зөн билгийн тулаан-2012"-ын шилдэг оролцогч 53 настай Е.Голунова тав дахиа ээж боллоо

Оросын ТНТ телевизийн "Зөн билгийн тулаан" нэвтрүүлэг бол монголчуудын үзэх дуртай нэвтрүүлгүүдийн нэг билээ. Уг шоу нэвтрүүлгийн 13 дахь улирлын шигшээд шалгарсан, өдгөө 53 настай Елена Голунова нэг жилийн дотор хоёр ч хүүхэд төрүүлжээ. Тав дахь хүүхэд нь нуган үр бөгөөд Андрей хэмээх нэр хайрласан аж. Тэрээр инстаграмдаа "Хязгааргүй аз жаргал, эмзэглэл, хайраар дүүрэн зүрх сэтгэл! Милана дүүтэй боллоо! Хүн бүрийн амьдралд үнэ цэнэтэй зүйл бий! Нэг хэсэг нь ажил мэргэжилтэй, нөгөө хэсэг нь эд баялагтай. Харин надад гэр бүл, үр хүүхэд маань хамгийн чухаг! Та нар цөмөөрөө зорилгодоо хүрэх болтугай! Битгий ай, хэнийг ч бүү сонс, өөрийнхөөрөө аж төр. Бүх зүйлд аз дагах болтугай!" гэж бичжээ.             Ээж, хүү хоёр одоо гэртээ байгаа. 2019 оны зун гурав дахиа нөхөрт гарсан харын шулам маань 2020 оны аравдугаар сарын 31-нд Милана охиноо төрүүлжээ.                             
   "Зөн билгийн тулаан-2012"-т үзэгчдийн 66,3 хувийн саналаар түрүүлсэн Дмитрий Волховын ард 25,3 хувийн саналаар орсон тэрээр үүнээс өмнө бизнесмен Дмитрий Голуновтой гэрлэсэн ч амьдрал нь бүтэлгүйтжээ. Тэдний дундаас мэндэлсэн Дмитрий, Лев гэдэг хоёр хөвгүүн ээжийнхээ асрамж, халамжинд өсч хүмүүжиж буй.                         
Харин ууган хүүг нь бид тун сайн мэднэ. Монголд ирж байсан зөн билэгтэн Влад Кадонигийн аав олон жилийн тэртээ хорвоог орхисон аж. Далд увдистан залуу маань ээжээсээ өмнө буюу "Зөн билгийн тулаан-2011"-д оролцож, үзэгчдийн 1,97 хувийн саналаар Виталий Гиберт (91,37%), Виктория Субота (5,85%) нарын дараа гуравдугаарт орсон билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ