Саятан эрийн үйлдсэн хэргийг 21 жилийн дараа илрүүлжээ

         Лос-Анжелес хотын шүүхээс саятан Роберт Дерстэд 21 жилийн өмнө үйлдсэн хүн амины хэрэгт нь бүх насаар нь хорих ял оноосон байна. Урьд нь түүний өмгөөлөгчид дахин шүүх хурал хийх хүсэлт гаргасан ч шүүгч Марк Виндхэм татгалзсанаар Р.Дерстийг яллах болсон аж. Зуун сая долларын хөрөнгөтэй, 78 настай, үл хөдлөх хөрөнгийн магнатыг өнгөрсөн сарын 17-нд Тангарагтаны шүүх 2001 онд дотнын танил Сюзан Берман гэгч бүсгүйг хөнөөсөн хэрэгт буруутгажээ.         
 Бизнесмений эхнэр алга болсон хэргийн талаар цагдаад мэдүүлэг өгөхөөсөө өмнөхөн тэр бүсгүй гэртээ толгойдоо буудуулж нас барсан байв. Харин Р.Дерст "Эхнэрт маань юу тохиолдсоныг, Берманыг хэн хөнөөснийг би огт мэдэхгүй" гэж олон жилийн турш мэдэгдсэн юм. Түүний буруутайг нотлох баримтуудын нэг нь HBO телевизийн "Тэрбумтны нууцууд. Роберт Дерстийн амьдрал ба үхэл" цуврал баримтат киноны зураг авалтын үеэр саятан эрийн хэлсэн үг байсан гэнэ. Завсарлагын үеэр бизнесмен жорлонд ороод "За, чи баригдчихлаа. Би ямар муухай юм хийсэн юм бэ?! Мэдээж хоёуланг нь алсан шүү дээ" гэж хэлжээ. Тэнд микрофон ажиллаж байсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ