Өнөөдөр алдарт далайчин Магелланы дэлхийг тойрох аялал эхлэсэн өдөр


1519 оны 09-р сарын 20-нд алдарт далайчин Фердинанд Магелланаар ахлуулсан флот Испаний эргээс 270 хүний бүрэлдэхүүнтэй Өмнөд Америкийг чиглэн хөдөлжээ.
12-р сар гэхэд тэд Рио Де Жаниерод /Rio de Janeiro/ хүржээ. Тэндээсээ тэд эргийн дагуу өмнөд зүг рүү аялаж тивийг тойрж гарах эсвэл тивийг гатлах сүв хайж. 3 сар тасралтгүй хайсны дараа ерөөсөө зам олдолгүй өвөл өнгөртөл хүлээхээр шийджээ. Тэд зогсолт хийхэд тун тохиромжтой Гэгээн Жулианы /Saint Julian/ байгалийн боомтыг олов. (Энэ боомт нь зангуу татан зогсоход тохиромжтой бас хамгаалагдсан байгалийн цэвэр тогтоцуудын нэг юм.) Тэд уг боомт дээр 5 сар зогссон байна. Гэгээн Жулианы боомт дээр газардсаны дараа Испанийн ахмадууд болох Хуан де Картагена, Гаспар де Кесесада, Луис де Мендоза / Juan de Cartagena, Gaspar de Quesada and Luis de Mendoza/ нар бослого гаргасан байна. Флотын ахлах Магеллан арай гэж бослогийг даржээ. Бослого болж байх үед Магеллан удирдлагад байсан 5 хөлгийн 3-ийг нь босогч нарт алдсан ч гэсэн бослогийг зогсоож чадсаныг дурьдах нь зүйтэй байх. Мендоза мөргөлдөөний үеэр амиа алдсан бөгөөд Магеллан Кесесадаг цаазаар авч, Картагенаг цөлсөн байна. Доогуур албаны босогч нарыг өвлийн турш хар ажилд зарж, өвөл дуусах үеэр буцаан суллажээ.
Өвлийн дунд үеэр тэд Сантиаго /Santiago/ хөлгөө эргийн ойр хавийг шалгаж явах үедээ далайн шуурганд алдсан байна. Гэхдээ нэг ч хүн өөд болоогүй юм. 1520 оны 10 сард өвөл дуусч тэд Номхон далайруу орох гарцаа дахин хайж эхэлсэн байна. Гурван хоногийн дараа тэд Номхон далайруу орох боломжтой нэгэн буланг олж аялал дахин үргэлжилжээ. Уг буланг одоо Магелланий /Strait of Magellan/ хоолой хэмээн нэрлэдэг. Хоолойг гаталж байх үед үлдсэн 4 хөлгийн нэг Сан Антонио /San Antonio/ флотоо орхин Испани руу буцав. Флот 1520 оны 11 сар гэхэд Номхон далайруу орж чадсан байна.
Дэлхийн бүтэн газрын зураг арай зурагдаагүй байсан тул Магеллан Ази хүрэх хүртэл 3-5 хоног л зарцуулна гэж бодож байж. Гэвч уг аялал нь 3 сар 20 хоног болж хөлгийн гишүүд асар их сэтгэлийн дарамтад оржээ. Тэд өлсөж ядарснаас гадна Витамин С-гийн дутагдалд орж 30-аад хүн өөд болсон байна. Энэ хооронд Магеллан өөрөө эрүүл хэвээр үлдсэн нь хувьдаа хадгалсан лийр мэт хэлбэртэй ч хатуу “quince” жимстэй нь холбоотой байж магадгүй юм.
1521 оны 3-р сарын 6-нд туйлдаж ядарсан флот Гуам /Guam/ арал дээр хүрч ирэв, Чаморрогийн /Chamorro/ уугуул иргэд хөлөгт ирж тэднээс бэхэлгээ, хутга болон хөлгийн аврах завиудыг нь авчээ. Чаморрогийн уугуулчууд Флотынхонд ихээхэн хэмжээний хангамж өгсөн тул худалдаа хийж байна л гэж бодсон байх. Гэвч багийн гишүүд энэ үйлдлийг нь хулгай гэж үзэн Мегаллан довтолгооны баг гаргаж арал руу орон Чаморрогийн хэд хэдэн хүнийг алж, гэрийг нь шатааж, алдагдсан бүх эд зүйлсээ буцаан авсан байна.
3-р сарын 16-нд тэд Филиппиний зүүн хэсгийн арлуудын нэг Замал /Zamal/ арлын барааг харан арай жижиг арал болох Хумуну /Humunu/ арал дээр газардсан байна. Тэд арлын уугуулуудтай найзууд болж худалдаа хийж бас ойр хавийн арлуудын мэдээллийг олж авчээ. Мөн нэгэнт өвчтэй байсан цэргүүдээ эдгэртэл 7 хоног тэндээ байрлав.
Магеллан Филиппиний арлуудруу илүү гүн орж 3-р сарын 28-н гэхэд Лимасава арал /Limasawa/ дээр жижиг хөлөг онгоцтой тааран газардав. Магеллан нутгийн уугуулуудтай Малаккагийн Энрикагаар /Enrique of Malacca/ дамжуулан ярилцаж байсан бөгөөд (Энрика нь тэдний орчуулагч боол) Бутуаны Ража Куламбо /Rajah Kulambo of Butuan/ болон түүний 2 ч байлдааны Балангай /Balanghai/ завьтай таарсан. Тэд Лимасавагийн эрэг дээр очиж, Куламбогийн ах, бас нэгэн удирдагч, Суригаогийн Ража Сиавитай /Rajah Siawi of Surigao/ уулзав. Ах, дүү хоёр удирдагчийн зүүсэн алтан эдлэлүүд Магелланы анхаарлыг ихэд татсан.Тиймээс 3-р сарын 31-нд арлын хамгийн өндөр цэгт загалмай хадан Филиппин улсыг Христийн шашинд оруулах үйл хэргээ эхлүүлжээ.
Цааш хөдлөхөөсөө өмнө Магеллан захирагчдаас арлуудын дундаас хамгийн нөлөө бүхий том худалдааны боомтын захирагчийг зааж өгөхийг хүсчээ. Тэд түүнийг Себугийн Ража Хумабонд /Rajah Humabon of Cebu/ зочлохыг санал болгов, учир нь тэрээр энэ олон арлуудын хамгийн томоохон хаан байв. Тэд Ража Куламбогийн балангай завьнуудыг дагуулан Себуруу хөдөлж, 4 -р сарын 7-нд боомтод хүрэв. Энд байх дөрвөн сар гаруйн хугацаанд Хумабон хаан эхнэрийн хамт Католик шашинд нэгдэж усан баталгаа авсан. Магеллан Испанийн хаан, түүний эхийг алдаршуулан шашиндаа орсон хаан, хатан хоёрт Дон Карлос, Хуан гэдэг нэр өгөв.
Ихэнх арал шашныг эерэгээр хүлээж авч байсан ч Мактан /Mactan/ арлийнхан эсэргүүцжээ. Үүний хариуд Магеллан арлын уугуулчуудыг хүчээр дагаар оруулах гэж оролдсон боловч ичгэвтэр ялагдлыг амсаж /тэрээр сайн далайчин байсан боловч цэргийн тактикын хувьд ямар ч мэдлэггүй байсан юм/ Магеллан Филиппиний домогт дайчин Мактан омгийн ахлагч Лапу-Лапуд /Lapulapu/ амиа алдав. Энэ тулалдаан болоод Магелланы хэрхэн амиа алдсан талаар тусгайлан ярьж байсан тул товчлон орхив. Түүний залгамжийг авсан дэд ахмадууд хангалттай амтлагч нөөцлөөд сүүлчийн үлдсэн хөлөг болох Викториа /The Victoria/ хөлөгтэй Испанийн зүг аялан 1522 оны 9-р сарын 6-нд эх нутагтаа газарджээ. 270 хүнтэй эхэлсэн уг флот 18-19 хүнтэй л эргэн ирсэн байна.
Энэ өдөр бол алдарт далайчин Магелланы дэлхийг тойрох аялалдаа гарсан өдөр.

May be an image of map and text that says 'WORLD (OUTLINE)'

May be an image of map and text

No photo description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ