9 настай охин МГУ-гийн оюутан болжээ

  Элсэлтийн ерөнхий шалгалт болон нэмэлт шалгалт өгсөн 9 настай Алиса Теплякова охин  Москвагийн улсын их сургуулийн сэтгэл судлалын факультетад элсэн орсон байна.  Охин төрийн тэтгэлэгт хамрагдаж чадаагүй ч,  түүний эцэг, эх Оросын  шилдэг их сургуулийн нэгэнд охиноо сургах боломжийг алдахгүй байхаар шийджээ.  
Тиймээс тэд   охиныхоо нэг жилийн сургалтын төлбөр - 391 мянган рублийг (яг одоогийн ханшаар – 15 сая гаруй төгрөг – ред.,) төлөх ёстой болж байна.  Эрдэм мэдлэгийн өдрөөр Теплякова оюутны үнэмлэх гардан авчээ. Аав, ээж, ах, дүү нар нь түүний хамт ирсэн байна. Есдүгээр сарын 1-нд их сургуульд ирсэн нь охинд маань маш их таалагдсан гэж түүний аав хэлжээ. “Тэнд янз бүрийн туршилт явуулсан юм. Нэгдүгээр дамжаанд элссэн  оюутнууд МГУ-гийн тухай компьютерын янз бүрийн асуултад хариулах ёстой байлаа. Алиса бугуйвч болон  наалт хожсон” гэж Тепляковагийн аав Евгений “Московский комсомолец” сонины сурвалжлагчид хэлсэн байна. Охин маань сургуульдаа тайван сураасай хэмээн хүсч байгаагаа Евгений бас дурджээ. Тэр охиныхоо амьдралын тухай байнга яриад байхыг хүсэхгүй байгаагаа хэлсэн байна. Алисагийн хичээл номонд туслана гэдгээ Тепляков хүлээн зөвшөөрчээ. Учир нь тэр МГУ-гийн сэтгэл судлалын факультетыг улаан дипломтай төгссөн байна. Тепляковынх Алисагаас гадна, бас зургаан хүүхэдтэй гэнэ. 
 Дөрвөн настай Терра энэ жил сургуульд орж байгаа бөгөөд таван настай Лейя дөрөвдүгээр ангийн хичээлийг үзэж дууссанаас гадна, 7 настай Хеймдалль таван настайдаа сургуулийнхаа хэд хэдэн олимпиадад шагналт байранд орж байжээ. Охины ах энэ жил есдүгээр ангийн улсын шалтгалт өгч, бүрэн бус дунд боловсролын аттестат гардан авсан байна.
 Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ