Өнөөдөр В.И.Ленин буудуулсан өдөр
1918 оны 08-р сарын 30-ны өдөр Москва дахь Мишельсоны үйлдвэрт /Michelson Plant/ ажилчидтай уулзалт хийгээд гарч явсан тухайн үеийн Зөвлөлтийн “номер нэг” хүн асан В.И.Ленинг, харааны бэрхшээлтэй Социалист хувьсгалч Фанни Каплан /Fanny Kaplan/ маш ойроос хэд, хэд буудан амь насанд нь халдахыг завдсан ч Ленин шархдсан боловч амьд үлдэж чадсан юм.
Гэвч энэхүү аллагын зохион байгуулагчид болон хамтран үйлдэгчид, мөн Фанни Каплан яг өөрөө үйлдсэн эсэх, нэг буугаар буудсан эсэх дээр одоог хүртэл маргаантай асуултууд байсаар байна.
Яг энэ өглөө нь Петроградын онцгой комиссын дарга Моисей Урицкийн /Moisey Uritsky/ амь насанд халдсан байсан бөгөөд мэдээг авсан ч Москвад аюулгүй байдлыг чангатгаагүй нь сонин.
18.00 цагт товлогдсон үйлдвэрийн цуглаан дээр Ардын Комиссаруудын Зөвлөлийн гишүүдийн хэлэх үгийг цуцалсангүй. Харин Ленин Мишельсоны үйлдвэрийн ажилчдын өмнө үг хэлэх ёстой байсан бөгөөд ямар ч хамгаалалтгүй явжээ. Тухайн үйлдвэр ч ямар нэг хамгаалалтын албагүй байв. Лениний тухайн үед хэлсэн үг нь “Бид ялах эсвэл үхэх болно” гэсэн үгээр төгсжээ. Үгээ хэлж дуусаад машиндаа суух үед нь нэгэн эмэгтэй “төмөр замын вокзал дээр талх зарах үед хурааж байна” гэсэн гомдолтойгоор түүнд ханджээ. Яг энэ үед л Каплан гурван ч удаа буудсан байна. Лениний жолооч Степан Гил /Stepan Gil/ зугтаж байгаа үл мэдэгдэх хүмүүсийн араас гүйсэн боловч энэ үйлдлээ зогсоон Ленинийг машиндаа суулган Лубянкаруу аваачжээ.
Ленин буудуулсныхаа дараа ухаангүй байв. Эмч нар үзлэг хийхэд түүний эрүүний дор мөрөн тушаа оносон сум аминд аюултай байсан бөгөөд цус нь уушигруу нь орж байжээ. Харин хоёр дахь сум гарлуу нь, гурав дахь сум хүрмийг нь нэвтлэн буудаж эхлэх агшинд түүнтэй ярилцан зогсож байсан эмэгтэйд туссан байв. Ленин дараагийн амь насанд халдагч байж магадгүй гэж сэжиглэсэн тул эмнэлэгт очихоос татгалзан, шууд Кремльд очих нь найдвартай хэмээн тийш явсан.
Онцгой комиссын гишүүд халдлага үйлдсэн үл мэдэгдэх хүн бол хувьсгалаас өмнө Киевийн амбан захирагчийн амь насанд халдах ажиллагаанд оролцож байсан, анархист асан еврей гаралтай Фанни Каплан болохыг тогтоожээ. Тэрээр цөллөгт байх үедээ социалист хувьсгалчидтай нэгджээ.
Капланы өөрийнх нь мэдүүлгээс харахад тэрээр “Үүсгэн байгуулагчдын чуулганаас гарсан засгийн газар, тэр дундаа Социалист Хувьсгалчдын удирдагч Черновыг /Chernov/ өрөвдөж байсан бөгөөд Үүсгэн байгуулагчдын чуулганыг тараасных нь төлөө Ленинийг алж өшөөг нь авахаар шийдсэн” гэжээ. Мөн “Би Ленинийг урвагч гэж үзсэн учраас буудсан. Тэр хэтэрхий удаан амьдарснаас болж социализмыг эхлүүлэх цаг хэдэн арван жилээр хойшлогдсон” гэж мэдүүлжээ.
Тэрээр хань хамсаатны тухай нэг ч мэдүүлэг өгөөгүй бөгөөд тэр байтугай буугаа ч хэнээс авснаа хэлээгүй юм. Түүнээс өөр ямар ч мэдүүлэг, тэр тусмаа хань хамсаатанг нь мэдэж чадаагүй тул 1918 оны 09-р сарын 03-нд Александрын цэцэрлэгт шүүхийн тогтоолгүй буудан хороожээ. Гүйцэтгэлийг Кремлийн командлагч, Балтийн далайчин асан П.Д.Малков /P. D. Malkov/, Латвийн большевикуудын хамт хийжээ. Түүний шарилыг торхонд хийн шатаасан тул ямар нэг шарил үлдээгүйгээс Капланыг Сибирийн хөдөлмөрийн лагерьт амьд байгаа гэх цуу олон жил яригджээ.
Энэхүү дуулианы талаар 1922 онд л олон нийтэд мэдээлсэн бөгөөд тэр үед Социалист Хувьсгалт Намын /Socialist Revolutionary Party (SR)/ удирдагчдын эсрэг нээлттэй шүүх хурал болсон. Уг шүүх хуралд мэдүүлэг өгсөн тус намын гишүүн Григорий Семенов, Лидия Коноплева / Grigory Semyonov, Lydia Konopleva / нар аллага эхлээд Троцкийруу чиглэсэн байсан боловч тэрээр фронт, нийслэлийн хооронд байнга хөдөлгөөнтэй амьдарч байсан тул эхлээд Ленинийг устгахаар шийдсэн. Семенов энэхүү ажиллагаанд бэлтгэж байсан бөгөөд тэдний бүлгэмд Каплан элссэн. Эхний оролдлогыг 8-р сарын 16-нд Москвагын намын хорооны хурал дээр хийхийг оролдсон ч бүтэлгүйтсэн. Ингээд хоёр дахь буюу 8-р сарын 30-ны халдлагад Новиков дэмжигчээр, Каплан гүйцэтгэгчээр ажиллажээ. Мөн фронтруу явж байсан галт тэргийг дэлбэлж Троцкийн амь насанд халдахыг завдсан ч эцсийн мөчид Троцкий өөр галт тэргэнд сууснаар ослоос зайлсхийж чадсан болохыг нэг бүрчлэн мэдүүлжээ.
Лениний шарх үхлийн аюултай мэт санагдаж байсан ч хурдан эдгэрчээ. 1918 оны 9 -р сарын 25 -нд тэрээр Горкируу явж, 10 -р сарын 14 -нд Москвад буцаж ирээд ажлаа даруй эхлүүлэв. Аллагаас хойш Ленин анх 1918 оны 10 -р сарын 22-нд ны олон нийтийн өмнө гарчээ.
Тухайн үед Лениний биед орсон хоёр сумыг авч чадаагүй бөгөөд эдгээр сумны шарх нь түүнийг 1924 онд цус харвалтаар нас барахад нь ч нөлөөлсөн байж магадгүй гэж үздэг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ