Зөгийн балны талаарх зарим буруу ойлголт
~ "Сахарын хольцтой зөгийн бал өтгөрч, царцдаг" гэсэн ойлголт байна.
~Зөгийн бал яагаад царцдаг вэ?
Ер нь бол зөгийн бал өтгөн хэлбэртэй, эсвэл царцмал байдалтай аль нь ч байж болно. Энэ нь зөгий ямар цэцэгний шим шүүсийг цуглуулж бал болгосон бэ гэдгээс хамаардаг. Тэгэхдээ нэг онцлог бий. Тухайлбал уулын олон цэцгийн бал бол хэр барагтай царцдаггүй, өтгөнөөрөө байдаг. Бүр хүйтэн орчинд байлгахгүй л бол. Харин нэг төрлийн ургамлын бал их хурдан царцдаг. Үүнд рапс, гурвалжин будуу зэрэг таримал цэцгүүдийн бал орно.
2. Сахарын хольцтой балыг хэрхэн мэдэх вэ?
Та авсан баландаа эргэлзэж байвал нарийн микронтой шүүрээр балыг шүүж үзэж болно. Сахар ширхэг бүдүүнтэй учир шүүрэнд тунж үлдэнэ. Тэгэхдээ нэг анхаарах зүйл бий. Сагаг цэцэг буюу гурвалжин будааны балнаас хураасан балыг шүүхэд ширхэглэг зүйл байдаг. Энэ бол байгалийн онцлог нь юм уу гэж бид боддог.
3. Зөгийн балны чанар стандарт гэж юу вэ?
За хүмүүс үйлдвэрийн бал, сахартай бал, цэвэр бал гээд гурван зүйлсийн дунд төөрөлдөх нь их байна. Би ч өөрөө тийм байсан. Тэгэхээр цэвэр зөгийн бал гэдэг бол зөгий байгалийн цэцгийн шим шүүсийг цуглуулан авчирч бий болгосон амтат балыг хэлнэ. Энэхүү балны чийглэг 20 хувиас хэтрэхгүй байх ёстой. Хэрэв чийглэг нь 21, 25 гээд хувьтай гарвал боловсруулалт дутуу байжээ гэсэн үг. Эсвэл бал хураалтыг өглөө эрт биш, өдөр, эсвэл орой зөгий шинэ цэцгийн шүүс авчирсны дараа цохисон байх үед тийм зүйл тохиолдож болно.
Хоёрт зөгийн баланд ямар нэгэн механик хольц байж болохгүй. Үүнд үхсэн зөгий, түүний эд эрхтэн, модны навч, үртэс, холтос, тоос, шороо гэх мэт. Үүнийг шүүхийн тулд бал байгаль дээр хураахдаа нэг удаа шүүж, дараа нь савлах цех, тасагт авчирч давхар шүүнэ. Улмаар чанар стандарт хангасан бал гарна.
4. Зөгийн балыг хэрхэн хураадаг вэ?
За тэгэхээр зөгийн бал хураана гэдэг ойлголтын талаар эхлээд мэдээлэл өгье. Зөгий гээч амьтан зун, 6-р сарын дунд ба сүүлчээс 8-р сарын дунд хүртэлх хугацаанд балт ургамлаас цэцгийн шүүс цуглуулна. Тэгэхээр цэцэгтэй газар буюу хөдөө хээр, эсвэл тариалангийн талбай захлаад зөгийн суурь байрлана. Зөгийчид гэр, ажлаасаа олон км зайтай зорчиж байж балаа хураана. Хураасан балыг цуглуулж авчраад эрүүл ахуйн шаардлага хангасан газар давхар шүүлт хийнэ. Ингээд шүүгээд орхисон бал царцах нь хэвийн үзэгдэл бөгөөд байх зүйл. Дараа нь зун, намрын их ажил сулраад ирэхээр том саванд хураасан балаа савлах ёстой болно.
5. Зөгийн балыг хэрхэн хайлуулах вэ?
Дээрх хэсэг бол бал хураах ерөнхий үйлдэл юм. Харин балаа савлахдаа аль болох 40 хэмээс илүүгүй дулаанд хайлуулж савлах хэрэгтэй. Зарим хүмүүс шингэн байгаа нь сайн гээд хэт өндөр хэмд хайлуулсан байх тал бий. Бидний хувьд бол савтай балаа гаднаас нь халдаг нэмнээ маягийн зүйлээр 1-2 хоног ороож, халааж байж савлахад тохиромжтой шингэн хэлбэрт шилжүүлдэг юм. Ер нь бол тийм төхөөрөмж олох хүртлээ ихэнх тохиолдолд царцсан балаа ховхолж савладаг байсан бөгөөд энэ нь маш их цаг, хүч хөдөлмөр ордог ажил юм.
Тиймээс зөгий гээч амьтныг хавар атганд байх багахан хэмжээтэй бага байхаас 20-30 мянга болж үржтэл нь тордож, үржүүлж, олшруулаад, дараа нь балыг нь авах гэж зун, намрын их ажлыг өрнүүлээд, эцэст нь эрүүл байдлаар царцсан бал савлаад тавьсан хүний хүч хөдөлмөрийг бид ойлгодог байх хэрэгтэй.
Ийм их ажил орсон бүтээгдэхүүнийг, "Энэ цэвэр зөгийн бал биш, сахар байна" гээд шууд хэлэх нь нэлээн бүдүүлэг санагдах болно шүү.
5. Монгол бал герман, орос балнаас ямар ялгаатай вэ?
За тэгэхээр миний бие 2020 онд Берлин хотноо GREEN WEEK буюу дэлхийн хамгийн том хөдөө аж ахуйн үзэсгэлэнд оролцож бүх улсын зөгийн балыг амталж үзсээн. Германы цөөнгүй зөгий үржүүлэгчтэй уулзаж, монгол орны уулын балаа амтлуулж, санал солилцож, судлаач хүмүүсээс нь ч асууж байсан. Тэдгээр хүмүүсийн сэтгэгдэл бол, "Үнэхээр гоё бал байна" гэж хариулж байсан. Энэ гоё байдлыг Монгол орны байгалийн бүс, бүслүүр бүрт байдаг өөр, өөр төрлийн байгалийн ургамал бий болгодог. Ерөнхийдөө бол Герман, Оросын бал байгалийн цэцгийнх гэхээсээ илүү ихэвчлэн таримал цэцгийнх байдаг. Харин гол давуу тал нь олон зуун жил хийсэн тогтвортой үйл ажиллагаа, чанар, стандартыг ягштал мөрддөг байдалд оршдог.
6. Зөгийн балны өнгө яагаад өөр өөр байдаг вэ?
Нэг бүл буюу хайрцаг зөгийнд 20-30 мянган зөгий байдаг. Тэр олон амьтан бүгд нэг төрлийн цэцгээс шим шүүс цуглуулахгүй шүү дээ. Тиймээс олон төрлийн цэцгийн шүүсээр бүрдсэн бал алтлаг, шар, цайвар шаргал, хүрэндүү гэх зэрэг өнгөтэй байдаг.
Рапс, гич зэрэг ургамлаас хураасан бал бол илүү цагаан цайвар өнгөтэй байдаг ба дээр хэлсэнчлэн амархан царцана.
Гурвалжин будааны бал өтгөн бор өнгөтэй байх ба амархан царцана.
Хавар монос, гүйлс зэрэг бутнаас цуглуулсан бал бор хүрэн өнгөтэй байдаг. Хүмүүс МАЙ сарын бал гэхчлэн ярьдаг л даа. Туршлагаас харахад энэ төрлийн бал маш бага гардаг. Нэн ялангуяа хавар хүйтэн, сэрүүн байх үед бүр л бага байна. Огт байхгүй гэж хэлээгүй. Зүгээр л бага гардаг. Мангир, таана, хөмөлний бал хүрэн бор өнгөтэй байдаг.
7. Зөгийн балны үнэ хэрхэн гардаг вэ?
Миний бие 2017 онд Хөх хотын экстоп Хятадын Сичуаны зөгий үржүүлэгчдийн балны үнийг хараад нүд орой дээр гарч байв. Тэнд хамгийн хямд буюу рапсын бал савлаагүй, шошгогүй, задгайгаара 1 кг нь 150 юань буюу тухайн үеийн 380 төгрөгний юанийн ханшаар 57,000 төгрөг байв. Харин байгалийн цэцгийн бал 1 кг нь 250-350 юань буюу 133,000 төгрөг байлаа. Гермөнд бол 400 гр бал ихэвчлэн 6-12 евро байдаг. 1 кг савлагаатай бал төрлөөсөө хамаарч 10-20 ерво байдаг.
Харин монголд зөгийчид өөрсдөө гар дээрээс зарахад 700 гр савлагаатай нь дунджаар 20,000 төгрөг байдаг. Энэ бол үйлдвэрлэлийн, татварын, тээврийн гээд олон зардлаа зөгийчид тэр бүр шингээхгүй зарж байгаа, "Ариун цагаан" үнэ юм. Зарим зөгий үржүүлэгч брэндүүд 1 кг балаа монголд 40-60,000 төгрөгөөр борлуулдаг. Бидний хувьд татвараа төлж, ажилчдаа цалинжуулж, тээврээ зохицуулж, өсөлтөө бодоод 700 гр балыг 23,000 төгрөгөөр борлуулдаг. Угтаа бол 30,000 төгрөгөөр борлуулбал цаашдаа бид өсөж хөгжих, тогтвортой үйлдвэрлэлтэй болох гээд олон боломж бололцоо гарна. Гэвч хэрэглэгчийн худалдан авах чадвар, эрэлт хүсэлтийн дагуу харьцангүй боломжийн үнээр борлуулдаг.
Аа, тийм Орос балны үнэ орхичихлоо. Орос гэдэг чинь 130 сая хүнтэй, төрөөс хүнсний үйлдвэрлэлээ дээд зэргээр дэмждэг, хэдэн арван мянган зөгий үржүүлэгчтэй аварга орон. Тиймээс тэдний таримал ургамлын бал 1 тонноос дээш хэмжээгээр авахад тээврийн зардалтайгаа 1 кг тутамд 15,000 орчим төгрөг байх юм билээ. Үүнийг савлаад, түгээлт хийгээд ашиг олно гэвэл монголд зөгий үржүүлж, нэмүү өртөг шингээсэнтэй адил үнэтэй болохоор. Тэгэхдээ чаддаг хүмүүс нь ашиг олоод л байх шиг байгаа юм. Бид бол харин дотоодын бүтээмжээ нэмэгдүүлж, илүү тогтвортой үйлдвэрлэл бий болгох нь чухал гэж боддог.
Манай бүтээгдэхүүнүүдийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл Хурын Шим хуудсаар зочлоорой. Баярлалаа
"Хүнсээ Шинжлүүлье!" группын гишүүн Ж.Чинбатын нийтлэлийг оруулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ