Д.Оюунцэцэг: Бид үр хүүхдэдээ хөрөнгө, мөнгө гэхээс илүү зөв хүн байх ухаан өвлүүлэхийг хичээдэг
Зөв Хүн-Электорат эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбатын гэргий Дашдаваагийн Оюунцэцэгтэй ярилцлаа.
-Таны өөрийн аав, ээжийн түүхээс яриагаа эхэлье гэж бодож байна?
Би бол Гандангийн хүрдэн дээр тавигдсан өнчин ээжийн өргөмөл ганц охин. Манай эмээ төрөхийн хүндрэлээс болж нас барсны дараа өвөө маань ганцаараа хүүхэд өсгөж чадахгүй гээд охиноо Гандангийн хүрдэн дээр орхисон гэдэг. Гэтэл хүн ирж аваагүй юм билээ. Ингээд өвөө охиноо өсгөж, найман настай байхад нь нас барсан. Өвөөгөөс хойш ээж маань Японы “Ошин” кинон дээр гардаг охин шиг айл айлд зарцлагдаж, хоол олж иддэг байсан гэсэн. Аз болж ээж сургуульд орж, хожим нь эмч болсон.
Архангайд эмчээр ажиллаж байхдаа аавтай хувь заяагаа холбосон. Аав нүд хөмсөг сайтай, хөрслөг сайхан залуу байсан. Ээжтэй суугаад хүүхэд гарахгүй болохоор нь нутгийн залуучууд “Хүүхэд гарахгүй хүүхнээр яах гэж байна?” гэх маягийн юм их ярьдаг байж. Тэгэхээр нь эмээ “Өнчин өрөөсөн өссөн хүнийг эхнэрээ болгож авчихаад сална гэж бодолтгүй. Би та хоёрт сайн айлаас хүүхэд олж өгнө” гэж хэлсэн байна. Тэгэхэд би төрсөн ээжийнхээ гэдсэнд байж таарсан. Хоёр охинтой, хүүгүй айл байсан учраас эмээг очиход “Охин гарвал аваарай, хүү гарвал өгөхгүй” гэж хэлж л дээ. Тэгээд л би нөгөө “гологдсон хүүхэн” гэдэг шиг төрөнгүүтээ айлд өргөгдсөн түүхтэй. Тэр үед айлууд нэг нэгэндээ хүүхдээ өргүүлэх тохиолдол их байсан.
Ээж маань өсөхийн жаргал үзээгүй ч аавтай учирснаас хойш ханийн жаргал эдэлсээр бурхан болтлоо сэтгэл тэнүүн амьдарсан. Аав ээжийг сайхан асардаг байлаа. Хааяа хуушуур хайраад ууц нуруугаар нь халуун жин тавиад сууж байдагсан. Байрны хөгшчүүл ээжийг сайхан буянтай хүн юмаа гэлцдэг байв. Ээжийг бурхан болсны дараа аав “Хөгшнийхөө буянд хамрын ханиад ч бага хүрдэг, ямар юманд ямар эм уухаа ч мэдэхгүй энэ насыг барлаа даа” гээд уйлж байсныг санаж байна.
-Та нөхөртэйгээ анх яаж танилцсан бэ?
1978 онд би Москвад сурч байсан юм. Тэр жилийнхээ хоёрдугаар сарын эхээр, өвлийнхөө амралтаар Монголд ирчихээд галт тэргээр буцаж явахдаа би анх ханийгаа харсан юм. Нэг бүлтгэр нүдтэй залуу л яваад байсан. Бидэнд дундын найзууд байсан болохоор нөгөөх чинь тэднийгээ дагаад манай вагоноос салахгүй. Над руу сэмхэн харна, би бас сэмхэн хараад л. Гэхдээ хоорондоо үг сольж чадаагүй явсаар Свердловск хүрсэн.
Тэгтэл яг галт тэрэгнээс буухынхаа өмнө нэг жижигхэн тэмдэглэлийн дэвтэр барьчихсан “Чи надад хаягаа өгөөч. Би танай сургуулийн Энхтайваны найз байгаа юм” гэсэн. Найзаараа далимдуулж надад захиа бичих гэж байгааг нь мэдсэн учраас Воронеж хотод сургуульдаа очингуутаа захиа хүлээгээд суучихсан. Анхны захиа сар орчмын дараа ирсэн. Тэрнээс хойш бид мөн ч их захиа бичилцэж билээ.
Дараа нь Ялалтын баярын үеэр сургуулийнхаа урлагийн үзлэгт орчихоод дотуур байрандаа ирэхэд манай найз хүрч ирээд “Манай өрөөнд чамайг нэг нөхөр хүлээгээд байна. Хүнээ очиж ав” гэж хэлдэг юм байна. Яваад орсон чинь нөгөөх маань бүлтийчихсэн сууж байсан. Тэр өдөртөө хоёулаа сунаж унатлаа гадуур зугаалсан. Нөхрийн маань сургууль нь их чанга дэг журамтай байсан болохоор гурав хоног хамт зугаалаад “Хичээлээ тасалж болохгүй” гээд буцаж байсан даа.
-70, 80-аад онд хамтын амьдралаа эхлүүлж байсан хүмүүс голдуу “Бид хоёр нэг 100-гийн ортой, хажуу өрөөнд л эхэлж байлаа” гэж ярьдаг. Та хоёрын хувьд яаж эхэлсэн бэ?
Бид 1982 онд хуримаа хийсэн. Хурим болохоос өмнө нөхөр маань манайд нүүж ирсэн. Манайх тавдугаар хороо буюу одоогоор Тээврийн товчооны тэнд амьдардаг байсан. Тэр цагт машин тэрэг ховор байсан болохоор нөхөр маань нүүж ирэхдээ хайрцагтай номнууд, номынхоо том бор шүүгээг морин тэргэн дээр ачаад хадмындаа ирж билээ. Одоо тэр шүүгээ манай гэрийн хамгийн хүндтэй тавилга.
Ээж маань хүргэндээ их хайртай байсан. Миний тухай хэлэхдээ “Наадах чинь эрхийн тэнэг. Толгой дээрээ гаргачихав аа” гэж ирээд л захина. Нэг удаа ээжийн бие муудаад бид хоёрыг дуудуулсан юм. Дуу нь цаашаа орчихсон, дамжлуулаад гуравдугаар эмнэлгийн шатаар бууж явахдаа “Миний хүү цайны цагаар ирвэл хөлдөөсөн банш байгаа шүү, чанаад идээрэй” гэж хэлж байсан нь миний сэтгэлд маш тод үлдсэн. Тэгтлээ нөхрийг маань их хайрладаг байсан.
-Д.Энхбат гуай бол интернэтээр Монголыг дэлхийтэй холбосон хүн. Та интернэттэй яаж танилцсан бэ?
Манай гэрт байнга ярьдаг байсан сэдэв бол интернэт. Мэйл гэдэг нь хэдэн мянган километрын зайтай байгаа хоёр хүн нэг нэгэндээ захиа бичихээр хэдхэн секундэд яваад оччихдог юм гэх мэтээр ээж, бид хоёрт тайлбарлана. “Пээ, ямар сонин эд вэ?” гэж ээж уулга алдана. Иймэрхүү байдлаар л бид аав, ээж болон хоёр хүүхэдтэйгээ хоёр өрөө байрандаа бужигнаад хэдэн жил амьдарсан.
Дараа нь өөрийн байртай болсон. Нөхөр маань ихэнхдээ ажлаасаа оройтож ирнэ. Компьютерынхаа ард олон цагаар сууж ажиллана. Залуу байсан болоод ч тэр үү би хийж байгаа ажлынх нь утга учрыг сайн ойлгохгүй “Чи одоо энэ хайрцагтай суусан юм уу” гэж ч үе үе уурлана.
1997 онд манай хүний байгуулсан Датаком компани Монгол Улсыг албан ёсоор интернэтэд холбож, нээлт дээр нь Ерөнхийлөгч П.Очирбат зарим сайдтайгаа, мөн Орос, Америкийн Элчин сайдууд ирсэн юм. Нөхрийгөө тайз дээр гараад үг хэлж зогсоход нь л тэр олон нойргүй шөнө ажиллаж байж улсынхаа түүхэнд чухал зүйлийг бүтээж байгаа хөдөлмөр, тэвчээрийг нь санаад өөрийн эрхгүй нулимс гарсан. Хамт зүтгэсэн компанийнх нь залуусаар үнэхээр бахархаж, бүгдийг нь тэвэрч аваад үнсмээр санагдаж билээ.
-Танай гэр бүлийн амьдралд тулгарч байсан хэцүү мөчүүд юу вэ? Хэрхэн даван туулж байв?
Би ЗХУ-д ойн инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Улсын төлөвлөгөөний комисст хэдэн жил ажилласан. Дараа нь Зах зээл судлалын хүрээлэнд хэсэгхэн хугацаанд байхдаа бие өвдөж ухаанд алддаг болоод нэлээн удаан эмнэлгээр явсан юм. Бие маань маш их дордож, эцэстээ бүр хөлд орж байгаа хүүхэд шиг болчихсон. Тэр үед нөхөр маань дэргэдээс минь холдолгүй намайг олон хоног асарсан даа. Хааяа шөнө нүдээ нээгээд харахад халаадтай сууж л байна. Эцэст нь нэг юм бүрэн сэргээд босоход надтай нэг палатанд хэвтэж байсан хөгшчүүл “Ямар их халамжтай сайн хүү вэ?” гэж нөхрийг маань ярьцгааж байсан.
1997 онд ээжийгээ бурхан болсны дараа миний өвчин дахин сэдэрсэн юм. Эмч нар шинжилгээнд оруулж үзээд “Тархины хорт хавдартай” гэсэн онош тавьсан. Монголд эмчлэх боломжгүй учраас гадаадад сайн эмнэлэг олох хэрэг гарсан.
Тэр хэцүү үед миний нөхрийн мэдлэг, хийсэн ажил нь аминд орсон. Интернэт сайн мэддэг хүн учраас интернэтээр гадаадын эмнэлгүүдтэй холбогдож нэлээн их судалсан. Эцэст нь Монголд сайн дурын ажилтан байсан Америк найз нь “Оюунааг манайд Чикагод аваад ир” гэж хэлсэн. 1997 онд улсын эдийн засаг хүндхэн байсан шүү дээ. Тиймээс эхний ээлжинд би явж, араас нөхөр ирэхээр боллоо. Америк эмнэлэгт очоод нээх гоё сансрын хөлөг шиг төхөөрөмжинд шинжилгээнд орсон. Долоо хоногийн дараа хариу нь гарна гэж хэллээ. Нөхөр маань Монголоос байн байн утасдаж “Одоо яаж байна?” гэж асууна.
Долоо хоногийн дараа нэг удаа залгахад нь “Одоо яг хариугаа авах гээд явж байна. Хариугаа авангуутаа хэлнэ ээ” гэж хэлээд утсаа тасалсан. Гэтэл шинжилгээгээр “Та тархины хавдаргүй юм байна” гэсэн хариу гарав. Бөөн баяр болсондоо Ээгийдээ утасдаж хэлэхээ ч мартчихсан. Найз бүсгүйнхээ хамт Чикагогийн хамгийн тансаг ресторанд тэмдэглэнэ гээд гараад явчихсан.
Тэр хооронд хөөрхий нөхөр маань хичнээн ч залгасан юм бүү мэд. Тээр хойно орж ирэхэд утас хангинаастай угтсан. Гэтэл манай найз жаахан даажигная гээд “Хариугаа авчихаад л байж байна даа” гэж жигтэйхэн дорой дуугаар хэллээ. Би нөхрөө өрөвдөөд тэсэлгүй үнэнийг хэлж сайхан мэдээгээ дуулгасан. Тэр үед хажууд нь чагнаж суусан аав минь эхэр татан уйлж байгаа нь утасны цаанаас сонсогдсон. Дараа нь эргээд санахад бид дэндүү болчимгүй тоглоом хийж байснаа ойлгосон доо.
Монголд буцаж ирээд хэдэн сар болсны дараа Датаком компанийн нэг залуутай уулзахад намайг Америк руу эмчилгээнд явсны дараа Ээгийд маш хэцүү байсан тухай ярьсан. “Ямар ч байсан би Оюунаагаа эмчилнэ, мөнгө олно. Байраа, компаниа зараад ч хамаагүй мөнгө олно. Тархи, гар, компьютр ажиллаж байгаа цагт дахиад л босгоод ирнэ” гэж ярьж байсан тухай надад хэлсэн юм. Гэтэл өөрөө сэтгэлээр унасан гэдгээ харуулж санааг минь зовоохгүй гэсэндээ чимээгүй л яваад байсныг тэгж мэдсэн.
-Таныг ууланд алхах, авирах дуртай, Кавказын нэгэн оргилд бас авирч байсан сонирхолтой түүхийг олж уншлаа. Уул таны амьдралд ямар утга учиртай вэ?
Миний нуруу их өвддөг байсан. Хятад, Солонгос гээд олон ч газар эмчлүүлж үзсэн ч олигтой тус болоогүй. Эцэст нь хөдөлгөөн хэрэгтэй гэж зөвлөсний дагуу ууланд алхаж үзэхээр шийдсэн. Тэгээд л “Хайрхан” клубын залуучуудтай амралтын өдөр бүр ууланд алхдаг болсон. Ингэснээр миний нурууны өвчин ч багасаж, олон сайхан найз нөхөдтэй ч болсон.
“Хайрхан” клубын ачаар би Оросын Кавказын Эльбрусын нуруунд “БНМАУ” нэртэй 3800 гаруй метр өндөртэй оргил байдгийг олж мэдсэн. 1939 онд Халх голд дайн эхлэх гэж байхад Захаров Павел Филиппович гэдэг уулчин тэр оргилд анх гарч “БНМАУ” гэдэг нэрийг өгсөн юм билээ.
Тэгээд л энэ оргил миний сэтгэлийг улам татаж, интернэтээр Оросын уулчидтай танилцсан. Тэдэн дундаас Сергей Бездитко хэмээх уулчинтай дотносож харилцах болсон. Тэр хүн 2007 онд Хятадын Памирын нурууны Конгур нэртэй 7719 метр өндөр оргилд авирчихаад бууж явахдаа тархинд нь цус харваж тахир дутуу болсон эмгэнэлт түүхтэй.
Мэргэжлийн уулчин биш ч Монголын нэртэй мөртлөө нэг ч монгол хүн гарч үзээгүй Кавказын тэр оргилд гарч үзье, үгүй юмаа гэхэд очиж харъя гэж бодоод хагас жил хэртэй уулын бэлтгэл хийсэн. “Ганцаараа ч хамаагүй хүрээд ир. Би тусална” гэж Сергей намайг ятгадаг байлаа.
Гэхдээ 2014 онд Халх голын 75 жилийн ой болж байсан учир нөхрийнхөө зөвлөснөөр Батлан хамгаалах яамтай хамтарч, Монголын мэргэжлийн уулчдыг оролцуулсан өргөн хэмжээний арга хэмжээ болгоё гэж шийдэцгээсэн. Халх голын дайнд ялсан түүхт ойгоор БНМАУ нэртэй оргилд гарсан тухай баримтат кино хийе гэж тохиролцсон юм. Харамсалтай нь яамнаас ямар ч хариу өгөөгүй учраас энэ санаачилга бүтэлгүйтэж, эцэстээ “Хайрхан” клубынхаа хоёр эмэгтэйтэй хамт, гурван мэргэжлийн бус уулчин Москваг зорьсон.
Сергей миний ирэхийг хоног тоолон хүлээж байсан. Найзуудтай нь хамт гэрт нь очоод “Здравсвуйте, Солнышко” гэхэд нь золтой л уйлчихаагүй. Халуун дулаан яриа өрнүүлж, Монголоос авсан бэлгүүдээ өгч, Сергей ч надад Монгол Алтайд аялсан тайлангаа, спортын мастерын тэмдэгтэйгээ хамт надад бэлэглэсэн.
Тэндээсээ Кавказад очиж ууланд авирах бэлтгэлээ хийж эхэлсэн. Гэтэл Сергейгээс бие нь муудсан тухай мэдээ ирсэн. Тэр бичсэн захиандаа “Миний амьдралд хоргодож байсан нэг шалтгаан бол Оюунаа байсан. Одоо надад үхэхэд харамсах зүйлгүй” гэж хэлснийг нь уншаад л би асгартал уйлсан. Тэгээд л усан нүдэлсэн амьтан явсаар “БНМАУ” оргилд гарсан түүхтэй.
Нурууны өвчтэй, 50 гарсан мөртлөө Кавказын уул руу явна гэхэд маань нөхөр маань “үгүй” гэж хэлэлгүй бүх талаар ойлгож тусалсан. Уулын ачаар миний амьдралд цоо шинэ хуудас нээгдэж, олон сайхан хүнтэй нөхөрлөж, олон гэгээлэг түүх, дурсамжтай үлдсэн дээ.
-Танай гэр бүлд баримталдаг гол зарчим гэвэл?
Бид хамтын амьдралаа эхлүүлснээс хойш 40 орчим жил өнгөрчээ. Одоо бид хоёр хүү, нэг охинтой. Таван ач, зээтэй. Хөвгүүд маань өөрсдийн бизнестэй, охин маань зураач.
Манай гэр бүлд баримталдаг нэг зарчим бий. Гэр бүлийн хоёр бие биенээ өөрийнхөөрөө явахыг зөвшөөрч чадаж байвал гэр бүл аз жаргалтай байна гэж үздэг. Адилхан биш ч бие биенээ нөхөж чаддаг. Өөртэйгээ адилхан болгох гэвэл тэр нь хамгийн том асуудал болж хувирна шүү дээ.
Манай нөхөр аавын хувьд хүүхдүүддээ гурван зүйлийг л захиж хэлдэг. Нэгд, бусдын санаа бодолд нийцүүлж, тэдэнд таалагдах гэж биш өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээгээрэй. Заавал аав шигээ нийгмийн зүтгэлтэн эсвэл том бизнесмэн болох албагүй. Хоёрт, амьдрах эрдэм, чадварт суралцаж байгаарай. Эрүүл байж, хүнтэй харьцаж, мөнгөө удирдаж сурах ёстой. Гуравт, хүүхдүүддээ жинхэнэ ээж, аав шиг байж, хүүхдүүдээ хайрлаж чаддаг эцэг эх байгаарай гэж хэлдэг. Компаниа өвлүүлж, өөрийнхөө мөрөөдлийг тэдэнд тулгах шаардлагагүй гэж боддог.
Манай хоёр удамд нэг нийтлэг зүйл бий. Тэр нь үнэт эдлэл, тансаг хэрэглээнээс зайлсхийж энгийн даруу амьдрах. Аав, ээжүүд маань зөв хүн байх ухааныг л өвлүүлсэн. Хадам аав маань хэлмэгдэж явсан том сэхээтэн. Хүүдээ мөнгө хөрөнгө биш, харин цэвэр оюун санааны өв үлдээсэн.
-Та нөхрийгөө Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буйг хэрхэн хүлээн авсан бэ?
Миний нөхрийн аав Н.Дангаасүрэн докторыг таньж мэдэхгүй Ардын намын хуучин гишүүд байхгүй ээ. Монгол орныхоо хегжлийн асуудлаар юм бичээд л, танилцуулаад явдаг хүн байсан. Энхбат яг аав шигээ. Монгол улс, хөгжил, дэлхийд яаж өрсөлдөх вэ гэж их ярина. ХҮН намаас ард түмний дунд явуулсан санал асуулгаар нэгдүгээрт гарсан гэж сонссон. Гэхдээ тэр үед бид хоёр сонгуульд оролцох тухайд огт бодоогүй. Харин эвслээс албан ёсоор үр дүнг дуулгаж санал ирүүлэхэд миний хэлсэн үг бол: За, Монгол улсынхаа төлөө бодож санаж явдаг зүйлээ хийх боломжийнхоо төлөө одоо яв, аль эсвэл энэ гал тогоонд улс төр, хөгжил энээ тэрээ гэж дахин битгий яриарай” л гэсэн.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил эхэлсэн, та хэдэн уулзалтад хамт оролцсон. Мөн хөдөө орон нутагт хамт явж байна. Танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?
Ховд хотод хийсэн уулзалт дээр барилгын инженер эмэгтэй, анх удаа сонгуулиа өгөх гэж буй охин хоерын яриа сэтгэлд тод үлдлээ. Тэр охины ярьж байхад зааланд байсан олон хүний сэтгэл хөдөлсөн. Монголд сайхан ирээдүй цагийг цогцлон бүтээх эрч хүчтэй, эрдэм мэдлэгтэй, шударга үнэний төлөө цохилох зүрхтэй залуу үе маань өсч өндийж байгаа юм байна. ХХI зууны Монгол охид хөвгүүд дэлхийн бусад орны залуустай мөр зэрэгцэн явах эрмэлзэл дүүрэн байна гэж харлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ