Мафийн бүлэглэлийн нөлөө бүхий гишүүнийг саатуулжээ
Уругвайн шоронгоос 2019 оны зургадугаар сард оргон зайлаад эрэн сурвалжлагдаж байсан "Ндрангет" хэмээх мафийн бүлэглэлийн гишүүн Рокко Морабитог өнгөрсөн даваа гарагт Бразилд саатууллаа. Олон улсын хар тамхины хэрэгт буруутгагдаж байгаа 55 настай тэрээр 1994 оноос хойш эрэн сурвалжлагдаж буй Италийн хамгийн их эрэн сурвалжлагдсан арван гэмт хэрэгтний нэг байжээ. Түүний өмнө Сицилийн "Коза Ностра"-гийн тэргүүн гэж тооцогддог Маттео Мессине Денарогийн удаад бичигддэг байсан аж. Бразилын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцолж буйгаар Р.Морабитог Италийн хууль сахиулах байгууллагууд, Холбооны мөрдөх товчоо, АНУ-ын Хууль зүйн яамны хамтарсан ажиллагааны үеэр баривчилсан гэнэ.
Бусад барааны дотор кокаин хийж Ломбарди руу нийлүүлэх ажлыг хянадаг байсан тэрээр 1990-ээд оны эхээр Бразилаас 600 кг жинтэй кокаин бүхий хоёр ачааг Итали руу зөөвөрлөх гэж оролдсон удаатай. Р.Морабито 1995 онд хууль бусаар хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 28 жилийн хорих ял сонссон ч дараа нь 30 болж нэмэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ