Өнөөдөр бууцайны өдөр
Бууцайнд дуртайгаараа алдаршсан хамгийн алдартай хүн бол 16 зууны Францын хааны эхнэр Кэтрин Де Медичи бөгөөд хоол болгондоо бууцайг тусгайлан бэлтгүүлдэг байсан бөгөөд Францыг олон жил удирдсан хүчирхэг эмэгтэйчүүдийн 1 байжээ. Бууцай 30 см орчим ишин дээр 2-30 см урт, 1-15см өргөн навчтай , шар юмуу ногоон өнгөөр цэцэглэдэг энэхүү ургамал нь төв болон баруу өмнөд Азийн орнуудын унаган навчит ногоо. Энэ ногоог англиар spinach, оросоор шпинат гэж нэрлэнэ.
Эртний Перс улсаас гаралтай нэг наст энэ ургамлыг европчууд дундад зууны үеэс мэдэх болсон бөгөөд түүний үрээс гаргаж авсан гурилаар талх хийж бас шүүсээр нь цөцгийн тос, цөцгий, төрөл бүрийн өнгөмж, сүмсийг ногоон өнгө оруулан хоолны чимэглэлд ашигладаг байжээ. Харин дорно зүгийн ард түмэн бууцайг “ногоон ургамлын хаан”, “ходоод гэдэс цэвэрлэдэг шүүр” гэж нэрлэж бүр эрт үеэс хоол хүнсэндээ хэрэглэж иржээ.
Бууцайны ид шид
• Бууцайнд 14 төрлийн аминдэм (С ,М, РР, Е, К, фолийн хүчил г.м) агуулагддаг, уургийн агууламжаар шошны төрлийн ургамлаас дутахгүй, эрдэс бодисоор баялаг, ялангуяа йод, төмөр, кали, зэс ихтэй.
• Бууцайнд агуулагддаг С, А аминдэм нь чаналтын явцад хадгалагддаг онцлогтой. Түүний навчинд агуулагддаг аминдэм, эрдэс бодис нь хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжихээс гадна хялгасан судсыг бэхжүүлж зүрхний шигдээс, цус харвахаас хамгаалахад тусалдаг.
• Ходоодны хурц үрэвсэл өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
• Чихрийн шижин өвчтэй хүмүүс бууцайг хоолондоо тогтмол хэрэглэж заншвал цусан дахь саахрын хэмжээг багасгаж тогтворжуулах үйлчилгээ үзүүлдэг.
• Шулуун гэдэсний хавдар, ясны сийрэгжилт, үе мөчний үрэвслээс хамгаалах үйлчилгээтэй.
• Нүдэнд тустай лютенээр баялаг тул өглөөний цайн дээр өндөгтэй бууцай идэх нь тохиромжтойг эмч нар зөвлөдөг.
• Бууцайнд агуулагддаг эслэг нь нарийн гэдсийг цэвэрлэдэг нэг ёсны “хогийн шүүр” бөгөөд ингэснээрээ өтгөн хаталтыг зогсоох үйлчилгээтэй.
• Бууцай нь нойр хулжихаас хамгаална.
Анхаарах зүйл:
• Бууцай нь жирэмсэн эмэгтэйчүүдэд тохирохгүй, ахмад настны хувьд хязгаартай хэрэглэх шаардлагатай. Аль ч тохиолдолд бууцайг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Ер нь бууцайнд төмснөөс 8, гүйцэд болсон улаан лоолиос 64 дахин их хурган чихний хүчил агуулагддаг тул ходоод, бөөр, цөс муутай хүмүүс их хэмжээгээр хэрэглэх нь тохиромжгүй.
• Болц нь эрт дуусч хөгширсөн бууцай их хэмжээний хурган чихний хүчил ялгаруулж энэ нь кальцитай урвалжиж организмд боловсрохгүй нэгдэл үүсгэдэг тул бууцайг цэцэглэхээс нь өмнө хурааж хоолонд хэрэглэх шаардлагатай.
Дэлхий даяар жилд 27,9 сая тонн бэлтгэгддэгийн 92%-ийг Хятад дангаараа бэлтгэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ