"Шүүхийн байгууллагаас дуучин Д.Болдыг эрэн сурвалжлаагүй"
Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж буй мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар өнөөдөр /2021.03.22/ мэдээлэл хийж, эрэн сурвалжлах ажлыг зогсоосон гэв.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Б.Баатархүү мэдээлэхдээ “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэний журмаар нэхэмжлэлтэй, эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгасан. Энэ нь журмынхаа дагуу шүүхээс тухайн хариуцагчийг оршин суугаа хаяг дээрээ байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгадаг. Мэдээллийн дагуу дуучин Д.Болд ирж уулзаад, эрэн сурвалжлах ажил зогссон. Улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй мэдээлэл дотоод эрэн сурвалжлах сан болон Цагдаагийн ерөнхий газрын вэб сайт дээр ил тод, нээлттэй нийтлэгддэг. Бид шүүхийн процессын маргаан нь цаанаа ямар учиртайг мэдэхгүй. Одоо мэдээллийг нь устгасан” гэв.
Энэ талаар дуучин Д.Болдоос тодруулахад “Худлаа мэдээлэл гарсан байна лээ. Цагдаагийн байгууллагаас мэдээллээ авчихсан байна. Надтай холбоотой ийм асуудал байхгүй. Би алга болоогүй. Байдаг газраа байж л байна. Миний утасны дугаар, гэрийн хаяг хэвээрээ байгаа. Реклам сурталчилгаатай холбоотой асуудал үүсээгүй. Тийм асуудал байсан бол аль дээр л шийдэгдэх байсан” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ