Хоолны дэглэмээ хэрхэн өөрчлөх вэ?
Бие организмын зөв зохистой үйл ажиллагаа маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тэгвэл эрүүл байж, ядарч, сульдахгүйн тулд яг юунаас эхлэх вэ гэж үү? Мэдээж хэрэг биологийн хэмнэлээс! Бид өөрсдийн боломж бололцоо, цагийн хуваарь, төлөвлөгөөгөө биологийн хэмнэлдээ дасан зохицуулж амьдрахад бие организм төгс ажиллах болно. Бүх биеийн үйл ажиллагаа зөв явагдаж, эрч хүчээр тэтгэгдэж, стрессийг даван туулж, сэтгэл санааны байдал дээшилж, төвлөрөх чадвар ба ой санамжийн чадавх нэмэгдэж, мөн зохистой биеийн жингээ хадгална. Үүнийг дагаад бидний бүтээмж ч дээшлэх болно. Харин биологийн хэмнэлийн эсрэг амьдарвал байнга ядарч туйлдан, эрүүл мэндийн асуудлуудаас зугтаж чадахгүй болдог.
Биологийн хэмнэл нь цусан дахь янз бүрийн даавруудын концентрацыг өөрчилснөөр хүний биеийн температур, артерийн даралт, бодисын солилцоо болон бусад биологийн үйл явцыг зохицуулж байдаг. Энэ бүх үйл явц гэрэл, дулаан, чимээ шуугианы нөлөөгөөр эрчимждэг. Тиймээс л бид өглөө эрт шинжилгээ өгдөг учиртай.
Өдрийн турш ядарч, сульдахгүй байх 5 дүрэм
Өлөн элгэн дээрээ кофе уухгүй байх
Өглөөний 07:00-09:00 цагийн хооронд кортизол буюу стрессийн үед ялгардаг сэргээх үйлчилгээтэй даавар идэвхтэй ялгарч байдаг. Харин аяга кофе ууснаар энэхүү дааврын түвшин нэмэгдэж, улмаар бие организм туйлдахад хүрдэг байна. Мөн түр зуурын сэргээх үйлчилгээ нь 1-2 цагийн дараа л алга болсноор улам бүр ядарч, сульдах болно. Дашрамд дурдахад энэхүү зуршил нь цагаасаа эрт цэвэрших бас нэгэн шалтгаан болдог байна.
Өглөөний цай хэт хүнд байх ёсгүй
Өглөөний цай тухайн өдрийн эрч хүчний түвшинг тодорхойлдог. Гэхдээ өдрийн хамгийн анхны хоолыг хэт их өөх тостой, их хэмжээтэй байлгах хэрэггүй. Учир нь био хэмнэлийн дагуу энэ үеэр хүний бие организм сэргэж, бүх систем идэвхжиж, цэвэрлэх үе шатандаа орсон байдаг. Энэ үед бие организмоо хэт ачаалуулахгүй байх хэрэгтэй. Ходоодны үйл ажиллагааг дэмжихийн тулд өглөө сэрээд цэвэр ус ууж, 20-30 минутын дараа жимс эсвэл эслэг болон ургамлын гаралтай өөх тосоор баялаг самар идэж болно. Эслэг нь бие организмыг цэвэрлэж, ходоодны хэвийн үйл ажиллагааг хангадаг бол ургамлын гаралтай өөх тос нь цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулна.
Өдрийн хоолны дараах зууш
15:00 цагаас хойш бие организмын үйл ажиллагааны идэвх буурдаг. Энэ нь өдрийн хоол эсвэл хэтрүүлж идсэнтэй холбоогүй. Энэ үеэр хүн бүрийн эрч хүч бага зэрэг унадаг бөгөөд шаардлагатай тохиолдолд эрч хүчээ нэмэгдүүлэхийн тулд кофе эсвэл кофеинтой цай ууж, шоколад идэж болох юм. Гэхдээ кофеиныг 17:00 цагаас өмнө хэрэглэх хэрэгтэй гэдгийг санаарай. Онцын шаардлагагүй бол нойрмог байдлаа тэвчээд өнгөрөөх нь зүйтэй. Учир нь 17:00 цагаас хойш биеийн эрч хүч эргээд нэмэгддэг байгаа.
Оройн зоогийг 20:30-аас өмнө
Унтахаасаа өмнө хоол идэх нь бие организмын үйл ажиллагааг алдагдуулж, улмаар илүүдэл жинтэй болоход хүргэнэ. Ямар ч тохиолдолд нойрсохоосоо дөрвөн цагийн өмнө (гэхдээ 20:30-аас хойшгүй) хооллож заншаарай. Биологийн хэмнэлээр 20:30-аас хойш бие организм шинэ хүнс шингээлгүй хуримтлуулдаг байна. Үүнээс хойш таны ходоодонд орсон бүх зүйлс маргааш өглөөг хүртэл боловсрогдохгүй хадгалагдана гээд төсөөлөөд үз дээ! Ингээд ч зогсохгүй энэ үеэр бүтцээрээ спирттэй төстэй бодис ялгардаг бөгөөд маргааш нь танд яг л маш их дарс уугаад сэрсэн мэт мэдрэмж төрөх болно.
Детокс өдөр
Стресстэй үед сард хэдэн удаа детокс хийж болно. Гэхдээ энэ нь дан ганц ус ууж, шөл болон шүүсээр хооллоно гэсэн үг биш юм. Харин детокс хийх дэглэм нь тухайн улирал, биеийн байдал, эмчийн заавраас шалтгаална. Ерөнхийдөө хүн бүхний биеийн онцлогт тохирсон тусгай детокс боловсруулах хэрэгтэй юм. Гэхдээ хүмүүс долоо хоногийн нэг өдөр зөвхөн цагаан хоол идсэнээр сэтгэл санааны байдал дээшилж, бие хөнгөрнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ