Монголбанк: Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлнэ
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг Монголбанкнаас өнөөдөр мэдээллээ.
УИХ-ын энэ сарын 5-ны чуулганаар төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг баталсан. Үүнд инфляцийг 8-аас 6 хувьд буулган тогтворжуулах, ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх, саарал жагсаалтад дахин орохгүйн тулд үндэсний хөтөлбөр батлан, хэрэгжүүлэх, зээлийн хүүг жил бүр нэг нэгжээр багасгах, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахыг тусгасан хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэвлэлийн хурлын эхэнд ярив.
"Мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн эхний бүлэгт Монголбанк, Засгийн газар, СЗХ бусад төрийн байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх ажил, дараагийн бүлэгт санхүүгийн зах зээлийг тогтворжуулах хүрээнд Монголбанкнаас хэрэгжүүлэх ажлын заалтыг оруулжээ.
Тухайлбал, ТББ-тай хамтран ирэх онд мөнгө угаах тероризмтэй тэмцэх байгууллагын (ФАТФ) зөвлөмжид нийцүүлэн үндэсний хөтөлбөр, зээлийн хүүг бууруулахтай холбоотой хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, банкны бүтээгдэхүүн үйлчилгээг цахим болгохыг дэмжих заалт байгаа аж.
Төв банк 2017 оноос төсвийн шинжтэй үйл ажиллагаа санхүүжүүлэхгүй гэсэн зорилт тавьсан. Гэвч ипотекийн зээлийн хөтөлбөрийг зогсоохгүйн тулд төрийн зохицуулах байгууллага бий болтол хөтөлбөрөө үргэлжүүлнэ. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлд ипотекийн зээл олгох ипотекийн агентлаг байгуулах эрх зүйн орчин бүрдүүлэх талаар тусгасныг Монголбанкны ерөнхийлөгч онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ