Хиам яагаад аюултай хүнс вэ?
"Хиамыг тогтмол идэх нь эрүүл мэндэд ноцтой уршиг тарьж мэднэ" гэж Инна Мазько эмч ярьжээ. Тэрээр хиаман бүтээгдэхүүн идэхээс татгалзах хэрэгтэй хүмүүсийг онцлон нэрлэсэн байна.
Ходоод, гэдэсний эмч Инна Мазько “Комсомольскахя правда” сонины сурвалжлагчтай ярилцахдаа "Хиаман бүтээгдэхүүнийг маш бага хэмжээгээр идэх хэрэгтэй. Учир нь олонхи хиам эрүүл мэндэд маш хортой" гэж хэлжээ.
Хүүхдүүд болон ходоодны өвчтэй хүмүүс энэ бүтээгдэхүүнийг хоолноосоо бүр хасах хэрэгтэйг эмч сануулсан байна. Түүний хэлснээр, хиамны найрлагад мах 40 хүртэл хувь байдаг ч маш чанаргүй мах ордог аж. Үлдсэн 60% нь цардуул, желатин, хүнсний нэмэлтүүд, амт болон өнгө оруулагч ордог аж.
Түүнчлэн хиамыг ягаан өнгөтэй болгоход хэрэглэдэг нитритууд нь байнга хэрэглэвэл хорт хавдар үүсгэдэг гэсэн шинжлэх ухаанаар нотлогдсон баримтуудыг тэрээр дурджээ. Хиамны чийгийг барьж байдаг фосфат нь кальцийн шингэлтийг алдагдуулж, яс хэврэгших юмуу рахит үүсгэдгийг эмч анхааруулжээ.
Хиаман бүтээгдэхүүн худалдан авахдаа түүний найрлагыг анхаарахыг Мазько зөвлөсөн байна. Идмээр байвал гагцхүү цэвэр бүтээгдэхүүн хэрэглэн өөрсдөө хиам хийх нь эрүүл мэндэд тустайг эмч зөвлөсөн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ