Ямар хүмүүст COVID-19-ийн эсрэг биетүүд муу тогтдог вэ?


Вакцин хийлгэхэд настай хүмүүс, согтууруулах ундаа хэрэглэдэг болон стресстэй байгаа хүмүүс, түүнчилэн үрэвслийн эсрэг эм бэлдмэл хэрэглэж байгаа хүмүүст коронавирусийн эсрэг биетүүд муу тогтдог байна. Оросын Гамалеягийн нэрэмжит төвийн захирал Александр Гинцбург Интерфакс агентлагийн сурвалжлагчид ингэж  хэлжээ.

“80 гарсан хүмүүсийн дархлааны тогтолцоо залуу хүмүүсийг бодвол муу, хавьгүй удаан хариу үйлдэл үзүүлж, ферментүүд  муу үйлчилж, эсрэг биетүүд муу тогтдог. Гэхдээ тэдний дунд эрүүл аж төрөх ёсыг сахидаг хүмүүс бий нь мэдээж” тэр агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.

Үржиж байгаа аливаа эсийн хувьд хортой байдаг согтууруулах ундаа, C2H5OH (этанол) хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүст эсрэг биетүүд муу тогтдогийг Гинцбург тэмдэглэжээ. Үүнээс гадна,  хүний стрессийн байдал болон үрэвслийн эсрэг эм бэлдмэлийн хэрэглээ бие махбодид эсрэг биет үүсэхэд муугаар нөлөөлдөг бөгөөд энэ нь хорт хавдартай хүмүүст хамаардаг байна.

Коронавирусийн сүргийн дархлаа тогтоход эрсдэлийн бүлгийг тооцон, хүн амын 52%-ийг вакцинжуулах хэрэгтэй гэж  Сеченевийн их сургуулийн анагаах ухааны мэдээлэл зүй, статистикийн тэнхимийн эрхлэгч Андрей Герасимов хэлж байсан юм. Гэхдээ санамсаргүй түүвэрлэлтийн нөхцөлд хүн амын наад зах нь 64%-ийг вакцинжуулах шаардлагатай гэнэ.

Агаарын температур эрс буурахтай холбоотойгоор даарч хөрснөөс болоод коронавирусийн халдвараас хамгаалах бие махбодийн дархлаа түр зуур муудаж болох юм.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ