Залуу бөхчүүдийн намрын нээлтийн барилдаанд Г.Ганхуяг түрүүлэв
Сумын цолтой болон залуу бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр боллоо. Барилдаанд 512 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Ховд аймгийн Булган сумын харьяат, сумын заан Г.Ганхуяг ес даван түрүүлж, Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, сумын заан Б.Бат-Эрдэнэ үзүүрлэв. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, сумын заан Д.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, сумын заан С.Сүхбат нар шалгарлаа.
Барилдааны үеэр уран барилдаант болон уран гараа дэвээт бөхийг шалгаруулсан бөгөөд уран барилдаант бөхийн шагналыг түрүү бөх Г.Ганхуяг, уран гараа дэвээт бөхийн шагналыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, сумын заан Б.Баянсүх нар хүртжээ.
Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн нээлтийн барилдааныг орон нутгийн сонгуулийн дараа явуулахаа МҮБХ-ноос мэдээлсэн байна. Аравдугаар сард Баянзүрх уулын хишиг, Нийслэлийн өдөрт зориулсан барилдаан явагдах бол арваннэгдүгээр сард Байнгын ажиллагаатай парламентын ойн, Монгол бахархлын, Бүгд найрамдах улс тунхагласны өдрийн зэрэг барилдааныг төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ