Навальныйн өрөөнөөс гарсан лонхны дүрс бичлэгийг тайлбарлажээ

     Өдөөн хатгалгад урьдаас бэлтгэснийг Навальныйн буусан зочид буудлын өрөөнөөс авсан лонхны дүрс бичлэг нотлож байна гэж Оросын аюулаас хамгаалах албаны чөлөөнд гарсан генерал  Александр Михайлов үзэж байна.

Тэрээр “Комсомольская правда” сонинд өгсөн ярилцлагадаа ингэж хэлжээ.

Нисэх онгоцонд явахад нь Навальныйн бие муудсаныг мэдмэгцээ түүний талынхан буудлын өрөөнд бичлэг хийж, өмгөөлөгчийг байлцуулан тэнд байгаа  бүх зүйлийг авахаар явсныг Михайлов дурджээ. Тэд маш хурдан шаламгай ажилласан нь түүнийг гайхшируулсан байна.

“...Бас болоогүй, Навальныйн буусан буудлын өрөөнөөс эд зүйлсийг авахад нь байлцах өмгөөлөгч түүний багийнханд хэдийнэ бэлэн байсан хэрэг үү?” гэж генерал лавлажээ.

Үүний дээр, хэрвээ лонхон дээрээс ул мөр нь илэрсэн гэх байлдааны хордуулагч бодисын тухай ярьж байгаа бол,  түүнтэй харьцсан бүх хүн хордох байсан хэрэг.

Үүнээс гадна,  түүнийг “хордуулахын” тулд чухам ямар бодис хэрэглэснийг Германы эмч нар мэдэж байсан нь сэжиг төрүүлж буйд Михайлов анхаарал хандуулсан байна. Гэтэл өвчтөнөөс шинжилгээ авсан Омск хотын эмч нар тэдний хэлж буй тэр хорыг илрүүлээгүй юм.

“Энэ бодисын томъёоны тухай мэдээ баримтыг Германы эмч нар хэрхэн тодорхойлж чадаа вэ? Тэгэхлээр, тэдэнд ийм мэдээ сэлт байсан болж таарч байна уу?” гэж генерал тэмдэглэжээ.

Авилгатай тэмцэх сангийн (Уг санг Оросын Хууль зүйн яам гадаадын төлөөний байгууллагын үүрэг гүйцэтгэдэг Арилжааны бус байгууллагын жагсаалтад оруулсан юм) тэргүүнийг “хордуулсан” “Новичок” хэмээх хорны ул мөр  “Xander Hotel” зочид буудлын өрөөнд байсан лонхноос илэрсэн гэх мэдэгдэл Instagram дахь Навальныйн аккаунтад пүрэв гарагт гарсан юм.

Орос улс  1992 оны Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу химийн зэвсгийн салбарын  судалгаа шинжилгээний ажлыг зогсоож, харин 2017 онд энэ бодисын бүх нөөцийг устгажээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ