Өдөрт заавал 10 мянга алхах шаардлагагүй
"Эрүүл мэндээ бодъё гэвэл өдөр бүр 10 мянга алхах хэрэгтэй" гэсэн түгээмэл зөвлөгөөг Оросын анагаахын шинжлэх ухааны доктор Евгений Ачкасов няцаажээ. Энэ талаар “Комсомольская правда” сонинд ингэж бичжээ.
Тэрбээр "Өдөр бүр 10 мянга алхах нь хүн бүрт тохирохгүй. Хэн нэгэн хүн өдөрт таван мянга, бусад нь 10 мянга, өөр хэн нэг нь бүр 15 мянга алхаж чаддаг байж болно. Гэхдээ бүх зүйл тухайн хүний бэлтгэл болон бие махбодийн онцлогоос шалтгаална. Эхлээд цөөн тоогоор алхаж, дараа нь аажмаар ахиулах хэрэгтэй” хэмээн тодруулан тайлбарлажээ.
"Явган алхахад туулах зай төдийгүй, явж буй хурдыг бодолцох хэрэгтэй юм. Хурдан явах тусам илчлэг илүү эрчимтэй задарч, улмаар илүүдэл жин хасагдана. Ер нь ямар нэг байдлаар хөдлөж байх нь хамгийн чухал бөгөөд өөрийн дуртай зүйлийг үндэслэн спортын төрлөө сонгож болно" гэж эмч онцлон тэмдэглэжээ.
Алхах нь гүйх хориотой хүмүүст жишээ нь гуравдугаар зэргийн болон үүнээс дээш таргалалттай, тулгуур эрхтэний өвчтэй хүмүүст илүү тохирно. Хөдөлгөөний дутагдал, зүрх-судасны өвчин, чихрийн шижин болон амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлье гэвэл аль болох их алхахыг зөвлөж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ