АНУ болон Европ оросын коронавирусийн эсрэг вакциныг сонирхож эхлэжээ

АНУ болон Европын орнууд оросын коронавирусийн эсрэг вакциныг сонирхож,  тодруулвал  Оросын шууд хөрөнгө оруулалтын сан «Спутник V» вакциныг хамтран үйлдвэрлэх тухай саналыг эдгээр орноос хүлээн авч байгаа ажээ. Дээрх сангийн тэргүүн Кирилл Дмитриев бразилын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд  өгсөн ярилцлагадаа ингэж хэлснийг ТАСС агентлаг уламжилсан байна.

“Европ болон АНУ-аас хүмүүс вакциныг үйлдвэрлэх талаар хамтран ажиллах саналыг одоо бидэнд тавьж байгаа.  Манай вакцин юугаараа онцлог болохыг тэд одоо л нэг ойлгож байх шиг байна” гэж Дмитриев ярьжээ.  Оросын вакциныг хувийн компаниуд болон хөрөнгө оруулалтын сангууд сонирхож байгааг тэр тодруулан тайлбарласан байна. Гэхдээ чухам ямар компани, сангууд гэдгийг тэр дурдаагүй аж.

“Одоогоор би үүнээс илүү зүйл хэлж чадахгүй ч,  ойрын хоёр долоо хоногт  зохих мэдүүлэг ирнэ хэмээн хүлээж болно” гэж сангийн тэргүүн дурдсан байна. Өрнөдөд “оросын вакциныг муучлах кампанит ажил” өрнөж, ингэхдээ хэн ч бусад вакцин аюултай эсэх тухай ярихгүй байгаа юм гэж тэр бас хэлжээ.

Оросын COVID-19-ийн эсрэг «Триазавирин» бэлдмэл үр дүнтэйг Хятадын эрдэмтэд өмнө нь бас  нотлосон юм.
Дэлхийд анхных нь болох коронавирусийн эсрэг «Спутник V» вакциныг бүртгэсэн тухай Оросын төрийн тэргүүн Владимир Путин наймдугаар сарын 11-нд зарласан билээ. Уг вакциныг наймдугаар сарын 15-наас эхлэн үйлдвэрлэж, эхний вакциныг  хэрэглээнд нийлүүлснийг Эрүүл мэндийн яам есдүгээр сарын 8-нд мэдээлсэн юм.  Тийнхүү эмч нар болон эрсдэлт бүлгийн хүмүүс эхлээд уг вакциныг хийлгэх ажээ.
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ