ДЭМБ: Цар тахал хэзээ эцэс болохыг хэлж мэдэхгүй байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ коронавирусийн халдварыг цар тахал хэмээн зарласнаас хойш зургаан сарын хугацаа өнгөрч байна. Өнөөдөр цар тахал хэзээ эцэс болохыг ДЭМБ ч олон улсын эрдэмтэн мэргэжилтнүүд ч хэлж чадахгүй байгаа юм. Гэхдээ улс орнууд хамтын хүчин чармайлт гаргаж, орчин үеийн технологийг ашиглаж цар тахлыг ойрын жилүүдэд хяналтдаа оруулж чадна гэж үзэж буй.
Үүний тулд дэлхийн улс орнууд дөрвөн чиглэлээр хүчин чармайлт гаргах нь зүйтэйг сануулж байна. Юуны түрүүнд халдварт өвчин ихээр тархаж болзошгүй олон хүн цугларах арга хэмжээ зохион байгуулахаас татгалзах, хүн амд өөрсдийгөө халдвараас сэргийлэх боломж нөхцлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн байгуулгыг дэмжих, эрсдэлтэй бүлгийнхнийг нэн тэргүүнд анхаарах хэрэгтэйг зөвлөж байна.
Хятадын Ухань хотод уг вирусийн халдвар дэгдсэнээс хойш шинэ коронавирусийн халдвар дэлхийн 188 оронд тархаад байна. Халдвар авсан хүний тоо дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 28 сая 350 орчим мянга, нас баралт 914 мянгад хүрээд байгаа.
Харин нийт эдгэрсэн хүний тоо 20 сая 350 мянгад хүрээд байна. Өнгөрсөн 24 цагийн дотор халдвар авсан хүний тоо 302 мянгаар нас баралт 5900 гаруйгаар нэмэгджээ. Хүн амынх нь дунд хоногт хамгийн ихээр халдвар тархсан орнуудыг Энэтхэг тэргүүлж байна. Тус улсад өнгөрсөн нэг хоногийн дотор 96760 шинэ тохиолдол бүртгэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ