“Хүүхдийнхээ РД-ыг хуурамч 141072 дугаарт бүртгүүлж болохгүй”

Хүүхдийн 1072 хувьцааны ногдол ашгийг ebarimt аппликейшн ашиглан авах боломжтой гэсэн мэдээллийг ашиглан иргэдийг хуурч, залилан мэхлэх оролдлого гарч байгааг албаныхан анхаарууллаа.

Цахим сүлжээнд “1072 хувьцааны данс нээлгээгүй хүмүүс ebarimt ашиглан мөнгөө авах боломжтой. Тиймээс ebarimt нээж өгнө. Найдвартай шүү”, “Хүүхдийн 1072 хувьцааг 141072 дугаарт регистерийн дугаараа бичиж, зай аваад хүүхдийн мөнгө авдаг дансыг нь бичиж бүртгүүлнэ” гэх мэт худал хуурмаг зар, мэдээлэл олноор цацагдаж байна.

Энэ талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс албан ёсоор мэдээлэхдээ “Иргэн таны хүүхэд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн бол ebarimt аппликейшн болон ebarimt.mn сайтад хандан шинээр бүртгэл үүсгэхэд хүүхдийн мөнгө хүлээн авдаг банкны данс автоматаар холбогдоно. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ногдол ашиг авах хүсэлтээ илгээснээр ногдол ашгаа авах боломжтой болох юм.

Ингэхдээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 158989 тусгай дугаар руу регистрийн дугаар /РД/-аа (эхний хоёр үсгийг латинаар бичнэ) илгээхэд танд байгаа хувьцааны хэмжээ болон үнэт цаасны данс нээлгэсэн компанийн нэр, холбогдох утасны дугаар ирнэ. Энэ дагуу тухайн үнэт цаасны компани руу холбогдоод лавлаж болно” гэж анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ