ТОЙМ: Батлагдсан тохиолдол 298-д хүрч, Б.Ундармаад хорих ял оноов

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.


Улстөрд  


УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Б.УНДАРМААД 2.5 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ


УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хуралдаан Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон бөгөөд шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жил 6 сараар хорих ял оноов. Ингэхдээ нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хасах шийдвэрийг мөн гаргасан байна.  Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас "Доктор МЭИК" компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдсон юм.  


НИЙСЛЭЛИЙН АН-ЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Д.ПҮРЭВДАВААГ ТОМИЛов


Ардчилсан намаас нийслэлийн намын хорооны хурлаа (2020.08.11) зарлан хуралдуулав. Хурлаар ирэх аравдугаар сард болох нийслэл, орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох асуудлыг хэлэлцжээ. Хурлын үеэр тус намын дарга Д.Баттулга өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн нь гэнэтийн шийдвэр байв.


Иймд намын дүрмийн дагуу хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдавааг томилсон байна.


ЗАСГИЙН ГАЗАР ҮЙЛ АЖИЛЛАГААНЫХАА ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИхаар болов


Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар болов. Хөтөлбөр нь КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, Хүний хөгжлийн, Эдийн засгийн, Ногоон хөгжлийн, Засаглалын, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогоос бүрдэж байгаа аж.


НИЙСЛЭЛИЙН МАН ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦОХОО МЭДЭГДЭВ


Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны III хуралдаан /2020.08.14/ боллоо. Уг хуралдаанаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Нийслэлийн МАН-ын хороо оролцох шийдвэр гаргажээ.  Мөн тус хуралдаанаас Үндсэн хууль болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжийг даган мөрдөж шударгаар өрсөлдөн оролцохоо илэрхийлсэн тогтоолыг гаргасан байна.


Нийгэмд  


ХОВД АЙМАГТ ТАРВАГАН ТАХЛаар НЭГ ХҮН НАС БАРав


Ховд аймагт төвд тарваган тахлын сэжигтэйгээр нэг хүн нас барлаа. Тодруулбал, аймгийн төвд 42 настай эрэгтэй,  агнасан хоёр тарваган худалдан авч, гэртээ өвчсөний улмаас тарваган тахлын үжлээр хүндэрч энэ сарын 12-нд нас барсан байнаҮүнтэй холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байна.


МОНГОЛ УЛСАД КОРОНАВИРУСИЙН БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 298-Д ХҮРЭВ


Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 14-нд нийт 625 хүнд шинжилгээ хийхэд 624 хүнд нь коронавирусийн халдвар илрээгүй. Нэг хүнд буюу Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. Энэ хүн нь 45 настай, эрэгтэй ба ОХУ-ын иргэн юм. Ингээд манай улсад коронавирусийн 298 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 272 хүн нь эдгэрч дараагийн сувилалд шилжсэн байна” гэв.


“нэг ангийн СУРАГЧДЫГ ХОЁР БҮЛЭГТ ХУВААН ӨДӨРТ 2-3 ЦАГ ТАНХИМЫН ХИЧЭЭЛ ОРНО”


Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг есдүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн билээ


Энэ дагуу нэг ангид 20 хүүхдээс ихгүйгээр танхимын сургалтыг хэрхэн хийх талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир ЕБС-иуд гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээл үзэх тал дээр иргэд эргэлзэж байна. Үүнийг энгийнээр тайлбарлавал өмнө нь 40 сурагчтай 11-р ангийн хүүхдүүд өглөө 08:00 цагаас эхлэн 7 цагийн хичээлээ судлаад 13:30 цагт тардаг байсан. Одоо шинэ зохицуулалтаар тухайн 40 хүүхэдтэй хоёр дэд бүлэг болж хуваагдана. Эхний бүлэг нь 08:00-10:30, дараагийн бүлэн 11:00-13:30 хүртэл хичээллэнэ гэсэн үг. Ийм л зохицуулалтыг хийх юм” гэлээ.

 

Г.Хулан

Сэтгэгдэл бичих