НҮБ-ын Хүүхдийн Сангаас 540 сая төгрөгийн хамгаалах хэрэгсэл өглөө

Өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн Сангаас 540 сая төгрөгийн үнэ бүхий хувийн хамгаалах хэрэгслийг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэж өглөө.


Үүнд 5000 хайрцаг нэг удаагийн бээлий, 5000 хос углааш, 5000 малгай, 44000 нөмрөг, 5000 комбинезон зэрэг зүйлс орж байгаа бөгөөд санхүүжилтийг Япон улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн эх үүсвэрээс тус тус бүрдүүлсэн байна.


“Эрүүл Мэндийн Яамнаас удирдаж хэрэгжүүлсэн эрсдлийн мэдээлэл харилцааны ажлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-тай хамтран бид дэмжиж ажилласан юм. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн анхаарал, хандлагыг сайжруулах мэдээлэл сурталчилгааг цаг алдалгүй, оновчтой зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн яамны хамт олонд баяр хүргэж талархал илэрхийлэхийг хүсч байна” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс тус арга хэмжээний үеэр хэлэв.


НҮБ-ын Хүүхдийн Сан нь дээр дурдсан олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, нэн шаардлагатай хоол тэжээл, ус, ариун цэвэр, эрүүл ахуй, эх нярайн тусламж үйлчилгээ, тэр дундаа дархлаажуулалтын үйлчилгээг тасралтгүй хүргэхэд аймаг, дүүргийн түвшинд санхүү, эд материал болон арга зүйн туслалцаа үзүүлж ажиллажээ.


Түүнчлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг хэвлэмэл, дүрс бичлэгийн хэлбэрээр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр дамжуулан нийт 1,8 сая хүнд хүргэж, үүнд 500,000 хэвлэмэл хуудас, найман цуврал анимэйшн зэрэг багтсан байна. Мөн Ковид-19-той холбоотой 24 цагийн мэдээллийн утас 119, чатбот үйлчилгээг дэмжиж ажиллуулжээ.

Сэтгэгдэл бичих