БНСУ-д нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

Өмнөд Солонгост 24 цагийн дотор коронавирусийн халдварын 103 шинэ тохиолдол бүртгэгджээ.


Тэдгээрийн 85 нь дотоодод дамжсан халдварын тохиолдол байсан бөгөөд гуравдугаар сарын 31-нээс хойш нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болсон байна. Нийт тохиолдлуудын 83 нь нийслэл Сөүл орчмын сүм, ажлын байр, асрамжийн газруудаас гаралтайг тогтоожээ. 


БНСУ-ын ерөнхий сайд Чун Сэ Кюн “Дотоод халдварын тохиолдлууд нэмэгдэж байгаа нь санаа зовоож байна. Хэрвээ байдал цаашид хүндэрвэл бид Сөүл орчмын бүс нутгийг онц байдлын хоёрдугаар түвшний дэглэмд шилжүүлэхээс өөр аргагүй болно” гэж  мэдэгджээ.


Тус улсад одоогоор онц байдлын нэгдүгээр түвшний дэглэм үйлчилж байгаа аж. Энэ тохиолдолд амны хаалт зүүх, гар ариутгах зэрэг бусад халдвараас сэргийлэх арга хэмжээ хэрэгжсэн тохиолдолд олон нийтийн арга хэмжээнүүдийг зөвшөөрдөг.


Харин хоёрдугаар түвшинд шилжвэл 50-аас дээш хүн цугларах дотоод орчны арга хэмжээнүүд, 100-аас дээш хүн цугларах гадаад орчны арга хэмжээнүүдийг хориглож, спорт, урлаг, үзвэр үйлчилгээний байгууламжуудыг хаах юм.



Сэтгэгдэл бичих