ХНХ-ын сайд А.Ариунзаяа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзав

Уулзалтын эхэнд ноён Элчин сайд дэлхий нийтэд тархаад буй цар тахлын улмаас нутаг буцах боломжгүй саатсан монгол иргэдийн асуудлыг хөндлөө. Тухайлбал, улс хоорондын худалдаа, экспорт, импортын эргэлт удаашрах, улмаар ажилгүйдэл ихсэх зэрэг сөрөг нөлөө бий болсноор Чехэд ажиллаж буй гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэлт тасалдах, орлогын эх үүсвэр баталгаагүй болох зэрэг эрсдэл бий болж байгаа талаар танилцууллаа. Энэ хугацаанд нутаг буцах хүсэлтэй монгол иргэдэд зохих чиглэл, мэдээлэл өгөх асуудлаар хоёр улсын элчин сайдын яамд нэлээд шаргуу ажиллаж байгаа гэлээ.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ноён Элчин сайдад хоёр орны хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, одоо хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар болон цаашид хамтран ажиллах чиглэлүүдээ танилцуулж санал солилцлоо.


Хоёр тал “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг амжилттай байгуулж, үүнийг хэрэгжүүлэх Удирдлагын тохиролцооны төслийг хамтран боловсруулаад байна. Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамнаас жил бүр зарладаг “Орон нутгийг дэмжих жижиг төсөл”-д Төв аймгийн Эрдэнэ суман дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв гурван жил дараалан хамрагдаж сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, олон үйлдэлт хөдөө аж ахуйн трактор хүлээн авсан байна. Энэ жил мал төхөөрөх цехийн сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа юм.


Үүнээс гадна тус улсад хөдөлмөр эрхлэх монгол иргэдэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн зохистой зуучлалын механизмыг бий болгох талаар хамтран ажиллах саналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Элчин сайдад санал болголоо.

Сэтгэгдэл бичих