ЭМЯ: БНХАУ руу экспортолсон хөлдөөсөн хүнснээс коронавирус илэрсэн

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ. 


ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон, нутагт дэвсгэрт бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар уг вирусээр 20.7 сая гаруй хүн өвчилж, 752 мянган хүн эндсэн. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 276 мянган хүн халдвар авсны дийлэнх нь Энэтхэг, Бразил, АНУ-д бүртгэгдлээ. 

 

ДЭМБ-ын хэвлэлийн хурал өчигдөр болсон. Энэ үеэр ДЭМБ Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу COVID-19-ийн онц байдал гэж зарласнаас хойш зургаан сар гаруйн хугацаа өнгөрлөө. Цар тахлын үед хүмүүсийн өдөр тутмын амьдралд ихээхэн өөрчлөлт орлоо. Хэзээ хэвийн амьдралдаа орох нь тодорхойгүй байна. 


Бид цаашид цар тахлыг хязгаарлах ёстой. Үүний тулд хувь хүн бүр өөрийн хийж чадах зүйлийг хийх ёстой. Гараа сайтар савандаж угаах, амны хаалтаа зүүх, өвчний шинж тэмдэг илэрвэл гэртээ байх, хүн хоорондын зайгаа баримтлах ёстой. Түүнчлэн цар тахлын үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сэргээхдээ гар угаах нөхцлийг бүрдүүлсэн байх шаардлагатайг ДЭМБ-аас улс орнуудад зөвлөжээ.  


ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан судалгаагаар 2019 оны байдлаар дэлхий даяарх сургуулийн 43 хувь нь савантай усаар гараа угаах боломж бүрдээгүй байжээ. Тиймээс гараа угаах нөхцлөө бүрдүүлж байж сургуулиа нээх нь цар тахлаас сэргийлэх үр дүнтэй арга гэдгийг холбогдох байгууллагууд сануулж байгаа юм" гэлээ. 


ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл олон улсад хийгдсэн судалгааны тоймыг мөн танилцуулав. Үүнээс хураангуйлбал:   


  • Өмнөд Солонгосын эрдэмтдийн судалгаагаар COVID-19-ийн 30 гаруй хувь нь шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай хэлбэр эзэлж байгааг тогтоожээ.
     
  • АНУ, Итали улсад өөр хоорондоо хамааралгүйгээр тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд судалгаа хийжээ. Ингэхэд 0-5 настай хүүхдийн хамар залгиурт насанд хүрсэн хүнтэй харьцуулахад 5-100 дахин илүү вирус тээдэг байна. Хүүхдүүд өөрсдөө хөнгөн хэлбэрээр өвдөг ч халдвар тараах эрсдэл өндөр байгааг тогтоожээ. 
     
  • Хятад улсын хоёр хотын эрх баригчид импортоор орж ирж буй хөлдөөсөн хоол хүнснээс коронавирус илрүүлжээ. Тодруулбал, Бразилаас Шинжаань хот руу ирүүлсэн хөлдөөсөн тахианы далавч, Эквадороос Аньхуй муж руу явуулсан сам хорхойноос коронавирус илэрчээ. Иймд хүнсний бүтээгдэхүүнээ сайтар угааж, хэрэглэх, хоол бүрэн болгож идэхийг зөвлөж байна.  


Сэтгэгдэл бичих