Р.Шинэгэрэл: Оны эцэст төсвийн алдагдал таван их наядыг давж мэднэ

Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор эдийн засагчид төсвийг тодотгох шаардлагатайг аль нэг, хоёрдугаар сараас ярьж эхэлсэн ч Засгийн газар үл тоомсорлосны нөлөөгөөр төсөвт өнөөдөр түүхэнд байгаагүй буюу 3-5 их наяд төгрөгийн алдагдал хүлээх эрсдэлтэй тулгараад байна. Эдийн засагч Р.Шинэгэрэлтэй төсвийн тодотгол тойрсон сэдвээр ярилцлаа.


-Засгийн газар удтал хүлээлгэсний эцэст төсөв тодотгох нь ээ. Гэвч дорвитой өөрчлөлт хүлээх хүн ховор байна. Таны хувьд нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?


-Ер нь коронавирустэй холбоотой эдийн засгийн хүндрэл гарах нь он эхлэнгүүт тодорхой болсон. Үүнтэй зэрэгцээд маш олон судлаач, ТББ-ууд яаралтай төсвөө тодотгох шаардлагатайг хэлж, шаардаж ирсэн. Гэвч Засгийн газар үүн дээр тодорхой арга хэмжээ авахгүй, тодотгох шаардлагагүй гэж явсаар өнөөдрийн нөхцөл байдалтай туллаа. Өнөөдөр төсөв 2020 оныхоо алдагдлыг давуулж биелүүлээд байгаа. Цаашид ямар арга барилаар, хэрхэн эдийн засгийг сэргээх үү гэсэн бодлогогүй мэт харагдаж байна.


Сангийн сайд саяхан эдийн засаг орлого талаасаа 10.7 хувиар агшсан, оны төгсгөл рүү гурван их наяд давсан төсвийн алдагдал гарах төлөвтэй байна гэж мэдэгдсэн. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард Сангийн яамнаас коронавирусийн үед үүсч буй эдийн засгийн асуудлуудыг шийдэх 5.1 их наяд төгрөгийн хэрэгцээ байгааг мэдэгдсэн. Үүний дагуу төсвийн тодотгол хийхгүй мөртлөө цар тахлын үед ажиллах нэг удаагийн хууль батлаад Засгийн газар өөрөө төсвөө мэдээд захиран зарцуулах эрх зүйн орчныг эрх баригчид өөрсдөдөө бүрдүүлчихсэн. Үүнтэй уялдаад одоо байгаа нөхцөл байдлаас дүгнэхэд энэ оны төгсгөл рүү төсвийн алдагдал таван их наяд руу орж мэдэхээр байна. Яагаад гэвэл орлого тасралтгүй буурч байна. Орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ ерөөсөө авч чадахгүй байгаа. Экспортын гол орлогыг бүрдүүлэгч нүүрсний экспорт 50 хувиар буурлаа. Үлдэж байгаа таван сарын хугацаанд дорвитой арга хэмжээ авч, нэмэгдүүлэх магадлал тун бага байна.


Аж ахуйн нэгжийн орлого буурсаар байгаа. Мэдээж энэ нь төсөв рүү орох татварын орлого тасарна гэсэн үг. Эсрэгээр ирэх намар дахиад орон нутгийн сонгуультай. Дараагийн жил Ерөнхийлөгчийн сонгууль угтаж байна. Тэгэхээр Засгийн газар улс төрийн амлалттай холбоотой зардлуудаа бууруулах сонирхолгүй байх шиг. Хоёр сонгуулийг угтаад амласан амлалтуудаа яаж ийж байгаад, гадны зээлээр ч болов хөрөнгө оруулалтын ажлуудаа хүчээр хөдөлгөөд байх юм байна. Тэгэхээр оны эхэнд танилцуулсан 5.1 их наяд төгрөгийнхөө хэрэгцээг хангаад ирэх юм бол төсвийн алдагдал үндсэндээ 5 их наядад хүрэх болов уу.


-Төсвийн алдагдал хэзээ ч таван их наяд төгрөг давж байсан тохиолдол байхгүй. Яагаад улс орон, ард түмний “хэтэвч”-нд байгаа мөнгөнд хайрамжгүй хандаад байна вэ?


-Төсвийн бодлого дээр тодорхой хэмжээний шинэчлэл хийх ёстой. Түүнийг ярьдаг улстөрч гэж байхгүй болчихлоо. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гээд аль 2010 онд батлагдсан.


Гэвч тэр хуулиа хэрэгжүүлэлгүй маш олон удаа өөрчилсөн. Хуулийнх нь үзэл санаа үндсэндээ алдагдлаа. Дараагийн нэг төсвийн шаардлага бол төсөв үр бүтээмжтэй байх ёстой. Үүн дээр ямар ч шинэчлэл хийгдээгүй. Өөрөөр хэлбэл, нэг л их зардал гаргаад байдаг. Үүний үр өгөөж ямар байгаа юм бэ. Том бүтээн байгуулалт хийлээ гэхэд ашиг тус нь ямар байдлаар бууж байгаа тооцоо алга. Эрх баригч, ямар нэг өндөр албан тушаалтны буруутай шийдвэрээс болоод төсөвт маш том алдагдал үүссэн байдаг. Төрийн өмч үр ашиггүй болсон байдаг. Хамгийн энгийн жишээ бол “Эрдэнэт” дээр “Жаст”-ын зээлтэй холбоотой маш их мөнгийг төсвөөс төлсөн шүү дээ. Энэ мэт бодлогын асуудал дээр эрх баригчдын зүгээс шинэчлэл явуулахгүй байна.


Төсвийнхөө таван гол зарчмыг шинэчилж, хэрэгжүүлдэг болгомоор байна. Төсөв нээлттэй байх ёстой гээд Шилэн дансны тухай хууль гарсан. Гэвч үүнийг хэрэгжүүлдэг хүн алга. Бас нэг гайхамшигтай зүйл нь төсөв дээр гэмт хэргийн шинж чанартай асуудал гараагүй бол тэрийг энгийн хуулиар шийддэг байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, хариуцлагын асуудал тэр чигтээ хуульчлагдаагүй үлдсэн байдаг. Тэгэхээр төсөвтэй холбоотой асуудалд хариуцлага байхгүй учир дураараа төлөвлөдөг, дургүй нь хүрвэл тодотгохгүй гүрийгээд явдаг байдал ажиглагдаж байна. Хуулиараа бол төсөв тодотгох, хэлэлцэх шаардлага аль 3, 4 сарын өмнөөс үүсчихсэн шүү дээ. Гэвч өнөөдрийг хүртэл тодотгохгүй гүрийгээд явчихсан. Тэгээд төсөв тодотгохгүй байгаагаас үүдсэн хариуцлагын асуудал тэр хүмүүст нь үйлчилдэггүй. Иймэрхүү байдлаар явсаар байгаад сонгуулийн дараа нэгэнт өндөр алдагдал хүлээсэн төсвийг тодотгох болоод байж байна.


-Төсвийн таван зарчим бий. Төсвийн үр өгөөжтэй, тооцоотой төлөвлөж, хяналттай зарцуулж, үр ашгийг нь бодитой тооцоход зориулж эдгээр зарчмыг хэрэгжүүлэхээр болсон. Хэрэгжилт яагаад хангагдахгүй байна вэ?


-Төсвийн таван зарчим Төсвийн тухай хууль дээр тунхагийн шинж чанартай байгаа юм. Нарийн процессыг нь хуульчлаагүй гэсэн үг. Төсвийн батлах, хэрэгжүүлэх, тайлагнахдаа эдгээр зарчмыг баримтлаа гэчихээд зарчмууд дотроосоо ганцхан тогтвортой байдлыг нь хуульчилсан юм. Тогтвортой байдлын тухай хууль гээд байгаа даа. Төсвийн ил тод байдлын тухай хуулийг Шилэн дансны тухай хуулиар хуульчилсан гэж хэлж болох ч хэрэгжилт хангалтгүй, ил тод биш. Бусад зарчмуудын тухайд яаж ажилладаг болгох уу гэдэг дээр нарийн хуульчилсан зүйл байхгүй.


Төсөв өөрөө маш ил тод нээлттэй байх ёстой. Төсвийн үр ашиг нүдэнд харагддаг, тодорхой хэмжүүрээр хэмжигддэг байх учиртай. Энэ байдал байхгүй учир Хэнтий аймагт баригдаж байгаа хөшөө дурсгалтай холбоотой маш олон шүүмж гарч байна. Уг нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн. Гэтэл энэ салбарт үйл ажиллагаа явуулагчид огт таашаахгүй байна. Хэрэв үүнийг жуулчид сонирхохгүй, барьсан хэдэн тэрбум төгрөгөө нөхөж чадахгүй, нэмээд төсвөөс мөнгө “саадаг” төрийн өмчит компани байгуулагдаад суучихвал хэн хариуцлага хүлээх вэ. Энэ талаар зохицуулалт алга.


-Тэртэй тэргүй ирэх жилээс томоохон дүнтэй бондуудын төлбөр хүлээгдэж байхад төсвийн өндөр алдагдлыг нөхөхийн тулд дахин өр зээл болох нь ээ?


-Төсөвт алдагдал үүсч байна гэдэг нь ерөөсөө л гадаад өр нэмэгдэнэ гэсэн үг. Энэ жилийн хувьд Монгол Улсын гадаад өр маш өндөр хэмжээгээр нэмэгдэх төлөвтэй болчихлоо. Ирэх дөрвөн жилд төлөх байсан бондын эргэн төлөлтийг хойшлуулж таарах байх. Нэмээд энэ жил бас 1-2 тэрбум ам.долларын өр нэмэгдчихэж байх шиг байна. Тэгэхээр ирэх дөрвөн жил гадаадын өрийн төлөлт хийхэд маш хүнд байхаар байна. Нөгөө талаар “ковид”-оос үүдэлтэй эдийн засгийн уналт хэр хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй. Дахиад нэг жил ч үргэлжилж мэднэ. Хэрэв ингэж үргэлжилбэл уг нөлөөллийг саармагжуулаад явах хурд байна уу. Бид ийм олон асуултын өмнө нийтээрээ тулчихаад байна.


-Төсвийн хөрөнгө оруулалт ихэвчлэн бүтээн байгуулалт буюу барилгын компаниудад очиж байна. уг салбарын масс эдийн засгийг бүхэлд нь тэтгэх хүрээг хамарч чадах уу?


-Зөвхөн барилгын салбар дотроо тэр хөрөнгө оруулалт, үр өгөөж нь харагддаг. Жижиг, дунд үйлдвэрлэл, оны эхнээс орлого тасалдах нь тодорхой байсан аялал жуулчлал гэх зэрэг олон хүн ажилладаг салбарыг бодлогоор дэмжиж чадсангүй. Энэ зун ингээд өнгөрч байна. Оны эхнээс дотооддоо вирусийг алдахгүй нь тодорхой менежмэнт хэрэгжүүлж байгаа гэдэгтээ итгэлтэй байсан бол үйлдвэр, үйлчилгээний газруудаа чөлөөтэй ажиллуулах боломжоор хангах ёстой байсан. Энэ боломжийг тавихгүй байсаар маш олон өрх, бизнес эрхлэгчийн эдийн засаг хүнд боллоо.


Аж ахуйн нэгж дээр тавьж байгаа хориглолттой холбоотой бодлогын шийдвэр гаргахдаа оролцогч нартайгаа маш сайн ярилцдаг болмоор байна. Шууд өөрсдөө дур мэдээд шийдвэр гаргаад яваад байхаар энэ нь эргээд эдийн засгийг ихээр боомилсон үйлдэл болж хувирдаг. Уг нь дотооддоо алдаагүй тохиолдолд эдийн засгаа бодсон арга хэмжээ их уян хатан баймаар байгаа юм. Яагаад гэвэл өрхийн болон хувь хүний эдийн засаг сайн байж тэр хүмүүсийн дархлаа сайжирна. Наад зах нь сэтгэл санаа өөдрөг, хүлээлт нь сайн байна.


Г.Батзориг

Эх сурвалж: Өдрийн сонин  

Сэтгэгдэл бичих