Тарваган тахлын улмаас тусгаарлагдсан 91 хүний харуул хамгаалалтыг сайжруулах үүрэг өгчээ

Энэ сарын 11-ний өдөр БОЭТ-д Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Ховд аймгийн Онцгой комисс удаа дараа хуралдаж, тус өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.


Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор БОЭТ-д эмчлүүлж байгаад нас барсан иргэн нь уг өвчний булчирхайн хэлбэрээр өвчилсөн болохыг ЗӨСҮТ-өөс шинжлэн тогтоосон. Өнөөдрийн байдлаар тарваган тахлаар өвчилсөн иргэний 1-р хавьтагч нарыг бүрэн тогтоож, 91 иргэнийг 8 байршилд тусгаарлаж, урьдчилан сэргийлэх эмчилгээг хийж байна.


Одоогоор иргэдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайдын холбогдох тушаалын дагуу 6 хоног тусгаарласны дараагаар цаашид хэсэгчилсэн хориог цуцлах эсэхийг шийдвэрлэх юм.


Тэгвэл өнөөдөр Ховд аймгийн Онцгой комисс дахин хуралдаж тусгаарлагдсан иргэдийн харуул хамгаалалтыг сайжруулах, тарваган тахлын улмаас нас барсан иргэнийг оршуулах зан үйл, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохион байгуулахад анхаарах асуудлуудын талаар холбогдох албаныханд заавар зөвлөгөө, үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.

Сэтгэгдэл бичих