ДЭМБ: ОХУ-ын бүтээсэн вакцин туршилтын бүх үе шатыг даваагүй байна

"Коронавирусийн эсрэг анхны вакцин бэлэн болсон тухай ярихад арай эрт байна" хэмээн ДЭМБ-ын эрүүл мэндийн хөтөлбөрийн газрын захирал Рана аль-Хажа ингэж мэдэгджээ.



Мөн тэрээр “Туршилтын шаардлагатай бүх үе шатыг давсан вакцин байгаа гэж бид баттай хэлж чадахгүй. Вакциныг олон улсад хэрэглэх боломжтой болгохын тулд бид үнэлэх шаардлагатай. Аль ч вакциныг гарган авахад үр дүнтэй, аюулгүй байдлын болон цаашдын хөгжлийн баталгаа болсон гурван үе шатыг давах ёстой. Вакцин үр дүнтэй байж болох ч аюулгүй байдлын баталгаа хангалтгүй байвал түүний үзүүлэх гаж нөлөө нь вирусээс ч хортой юм. Оросын вакцин туршилтын хоёр үе шатыг давж, одоогоор гуравдугаар үеийн эхний шатандаа явж буй. Вакциныг ОХУ-ын нутаг дэвсгэрт ашиглах боломж хэдийнээ бий болсон гэж тэд ярьж буй ч туршилтын бүх үе шат дуусаагүй” гэж байна.



Түүнчлэн ДЭМБ ОХУ-ын эрүүл мэндийн байгууллагуудтай өдөр бүр харилцаа холбоотой байгааг Аль-Хажа дурджээ. “ОХУ шинжлэх ухааны салбарт чадвартай, үр дүнтэй вакцин үйлдвэрлэх томоохон боломжууд тус улсад бий гэдгийг бид мэднэ. ОХУ үүнийгээ баталж, янз бүрийн вакцин гарган авахад олон улсын түвшинд хувь нэмрээ оруулж байсан. Коронавирусийн эсрэг вакциныг гарган авах, үйлдвэрлэхэд үсрэлт хийсэн тухай мэдээллүүдийг ДЭМБ анхааралтай ажиглаж байгаа" гэдгийг цохон тэмдэглэсэн байна.



Дэлхийд анхных болох коронавирусийн эсрэг "Спутник V" вакциныг бүртгэсэн тухай ОХУ наймдугаар сарын 11-нд мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл бичих