"Онгоцонд мэндэлсэн охиддоо Энхцэлмэг, Энхжигүүр хэмээх нэр хайрласан"

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх замдаа жирэмсэн эх амаржиж, онгоцонд ихэр охин төрүүлсэн билээ. Эх, хүүхдүүдийн бие сайн байгаа бөгөөд тэдний тусгаарлалтын хугацаа дууссанаар өнөөдөр ХӨСҮТ-өөс гарч байна. 


Онгоцонд мэндэлсэн охидод МИАТ ТӨХК-аас тус компанийн онгоцоор үнэ төлбөргүй нисэх эрх өгч байгаа юм.


Агаарын хөлгийн дарга "Монголд онгоцонд хүүхэд төрсөн анхны тохиолдол нь 1960-аад онд тохиосон. Энэ үед АН-24 агаарын хөлөгт хүүхэд мэндэлсэн байдаг.

Ихэр охид мэндэлсэн нь онгоцонд хүүхэд төрсөн хоёр дахь тохиолдол болж байгаа.

Долkkдугаар сарын 9-нд Истанбулаас дүүрэн зорчигчтой хөөрч, өндрөө авч дууссаны дараа ахлах үйлчлэгч н.Алтанхуяг, н.Цэрэнханд нар ирж, жирэмсэн эх өвдөж эхэлснийг хэлсэн. 

Буцаад буухад бидний буултын жин хүнд, буулаа гэхэд олон цаг хүлээх байсан учраас нислэгийг үргэлжлүүлэх шийдвэрийг нисэх баг гаргасан. Үүнээс цаг гаруйгийн дараа ОХУ-ын Сочи хотын дээгүүр өнгөрч байхад анхны охин мэндэлсэн, арваад минутын дараа удаах охин мэндэлсэн. 


Агаарын хөлөгт хоёр эх баригч, эмч гээд олон хүн явж байж таарч, бүгд их тусалсан. Тэд байгаагүй бол тун эрсдэлтэй байлаа. 

Энэ ташрамд, агаарын хөлөгт хамт зорчиж, бидэнд гүн туслалцаа үзүүлж, хоёр нярайг маань эрүүл энх төрөхөд нь эх барьж авсан эмч нартаа гүн талархлаа илэрхийлье" гэлээ.


Ихэр охидын ээж "Онгоцод орохоос хоёр өдрийн өмнөөс бие жаахан чилээрхсэн. Есдүгээр сард төрөх байсан ч охид маань долоон сар хүрээд төрлөө. Анх 1.4 кг, 1.6 кг төрсөн. Төрсний дараагаар жин нь буураад, дахин нэмэгддэг юм байна. Одоогоор хэвийн жиндээ хүрч байгаа. Бие тамирдуу байсан учраас онгоц хөөрсний дараагаар төрлөө. Охиддоо Энхцэлмэг, Энхжигүүр хэмээх нэр хайрласан" гэв. 


ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн дарга Б.Батсүх: 

 "Би халдвартын эмч, анх удаа тусгай үүргийн нислэгт явсан нь долдугаар сарын 9-ний Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэг байлаа. Онгоц хөөрснөөс 30 минутын дараа төрөхийн өмнөх өвдөлт эхэлсэн. Тухайн үедэ онгоцны үйлчлэгч хүний бие муудлаа гэж дуудахад нь очиход эхийн даралт өндөр 150/100-тай байв. Охидын ээж долоон сартай жирэмсэн, ихэр хүүхэд тээж байгаа гэдгээ хэлсэн. 


Даралт бууруулах эм өгөөд байж байтал дараахан нь ус нь гарчихсан. Онгоцонд тусгай өрөө байхгүй тул хоол бэлддэг өрөөнд оруулж, хоол цай зөөдөг ширээн дээр хэвтүүлсэн. Эхийн даралт их, хавантай, дутуу тээлттэй байсан нь хэвийн нөхцөлд ч эрсдэлтэй, хүнд төрөлт шүү дээ. 


Нислэгийн багт би ганцаараа эмч байсан тул зорчигчид дунд эмч хүн бий эсэхийг асуухад хүүхдийн эмч, Эх нялхсын сэхээний сувилагч, орон нутагт эмчээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс байж таарч, сайхан баг бүрдсэн.


Төрсний дараа эхийн даралт унасан, буухад гурван цаг дутуу байхад нярайн зүрх зогссон тул зүрхний массаж хийж, байнгын хүчилтөрөгчтэй явж байж ирсэн. Ганц, хоёр эмчид бол хүнд байх байсан. Харин олон хүний дэмжлэгтэйгээр эх, хүүхдүүдээ эсэн мэнд авчирсандаа баяртай байна" гэлээ.


Сэтгэгдэл бичих