Монголын эмэгтэй даамчид аваргын төлөө өрсөлдөнө

Дэлхийн даамын холбооноос (FMJD) зохион байгуулж буй “Үндэстнүүдийн цом” багийн онлайн тэмцээн өнгөрсөн зургаадугаар сарын 15-наас энэ сарын 15-ны хооронд үргэлжилж байна.


Анх удаа зохиогдож буй энэхүү багийн онлайн тэмцээнд эрэгтэй 29, эмэгтэй 11 улсын баг тамирчид оролцож байгаагаас манай улсын шилдэг эмэгтэй тамирчдаас бүрдсэн баг БНХАУ-ын багийг хожиж шилдэг дөрөвт шалгарсан тухай өмнө нь мэдээлж байсан билээ.


Тэгвэл өнгөрсөн даваа, мягмар гарагт дэлхийн аварга Тамара Тансыккужина, “Дэлхийн цом”-ын аварга Айгуль Идрисова нарын бүрэлдэхүүнтэй ОХУ-ын багтай оноолт таарч 4:4, 7:1 гэсэн оноогоор хоёр удаагийн халз тоглолтод илүүрхэн ялж аваргын цомын төлөө Беларусь улсын багтай тоглохоор шалгарч үлдлээ.


Аваргын төлөөх тоглолт маргааш, нөгөөдөр 23:00 цагаас www.lidraughts.org](http://www.lidraughts.org/ гэсэн сайт дээр явагдана.


Тэмцээний журмын тухай товчхон тайлбарлахад 11 баг тойргоор 10 өрөг тоглож өрсөлдсөний дараа зургаан баг шалгарч үлдэнэ. Үүнээс 1, 2 байрт шалгарсан ОХУ, Украйны баг шууд хагас шигшээд тоглохоор болж, үлдсэн дөрвөн баг хасагдах журмаар өрсөлдөхөд Монгол-БНХАУ 14:2, Беларусь-Латви 9:7 гэсэн харьцаагаар тус тус ялсан юм.


Хагас шигшээ болон шигшээ тоглолтуудад Teamviewre, Jitsimeet программуудыг ашиглан тоглогчийн тоглож буй компьютерийн дэлгэц, тоглогчийн нүүр, орчны дуу чимээг камерын хяналтад шүүгч нар давхар хянан явуулж байна.

Сэтгэгдэл бичих