​А.Цэнд-Аюуш: Дүүгийн минь шарилыг тусгай үүргийн онгоцоор авчрахаар болсон. Одоо О.Цэнгэлийг аврахад туслаач, гуйж байна

Архангай аймгийн “Цагаан даваа”-нд шатахуун тээвэрлэж явсан том оврын автомашин долдугаар сарын 15-нд осолдож, шатсанаас болж олон хүн амь нас, биеэ сэтгэлээрээ хохирлоо.

Гэр бүлийн долоон гишүүн бүгд 60-аас дээш хувийн түлэгдэлттэй байсан бөгөөд элэг бүтэн гэр бүлийн гишүүд ээлж дараалан шархаа даалгүй өөд болсон нь хамгийн харамсалтай. Тэдний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

Бид талийгаач Ж.Банзрагчийн ах А.Цэнд-Аюуштай утсаар холбогдон нөхцөл байдлыг тодрууллаа.

 Тэрээр “Ээжийн хувьд нөхөр, хадам ээж, гурван хүүхдээ алдсан учир сэтгэл санаа нь маш хүнд, тавгүй байгаа. Бид нэгэнт л БНСУ-д очсон юм чинь эмчилгээгээ тууштай хийлгээд биеэ маш сайн эмчлүүлээд хүүдээрээ ирэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Монголд үлдсэн дөрвөн сартай бага хүүхдийн биеийн байдал тун сайн байгаа. Манай дүү, эмээтэйгээ хамт харж байна.

Харин БНСУ-руу наймдугаар сарын 1-ний өдөр чартер нислэгээр  ээжтэйгээ хамт явсан 13 настай том охин өөд боллоо. Тэрээр гурван удаа хагалгаанд орсон байсан бөгөөд бие дийлээгүй бурхны оронд заларлаа. Бид охины эмчилгээний зардал 210 орчим сая төгрөг болсон бөгөөд хандив, ажлын газрын хүмүүс, найз нөхөд, төрөл төрөгсдөөс нь цугларсан мөнгөөр төлөгдөнө. Охин дүүгийн минь шарилыг наймдугаар сарын 14-ний тусгай үүргийн нислэгээр авчрахаар болсон. Гэр бүлийн долоон гишүүний тав нь өөд болж, ойр, ойрхон ажил явдлууд болсон нь бидэнд ч тун хэцүү байна, гашуудал арилаагүй байна. Одоо О.Цэнгэлийгээ аварчих юмсан гэж зальбирч байна. О.Цэнгэл ирэх долоо хоног тусгаарлалтаас гарч, хагалгаанд орох ёстой байгаа. О.Цэнгэл эхний ээлжид хоёр хагалгаанд орох учраас Солонгост хоёр сар орчим болох байх гэсэн мэдээлэлтэй байгаа учраас хандивын аянаа таслалгүй үргэлжлүүлж, түүний эмчилгээнд туслахын ард түмнээсээ хүсч, гуйж  байна” гэлээ.

Аюулт ослоос болж үр хүүхдүүд, хань ижлээ алдаж, хэд хэдэн хагалгаанд орох шаардлагатай байгаа О.Цэнгэлд эрүүл саруул болоод дөрвөн сартай хүүдээ ирэх, амьдрах урам зориг хайрлан тусламж үзүүлцгээе. 

Хандивын данс: Очбаярын Цэнгэл

Хаан банк-5021715838

Голомт банк - 2205040025
Худалдаа Хөгжлийн Банк - 472008534

Сэтгэгдэл бичих