100-150 сургууль Zoom, Teams-ийн хэмжээнд онлайн хичээл явуулах боломжийг iTools бүрдүүлжээ

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран явуулж буй "Боловсролын салбар дахь цахим шилжилт" хэлэлцүүлэгт ICT группийн төлөөлөл оролцож илтгэл тавьсан юм.

Тус группийн охин компани болох iTools-ийн инженерүүд COVID-19-тэй холбоотой танхимын сургалтыг зогсоосны дараа Нийслэлийн 23 дугаар сургууль болон СЭЗИС-ийн цахим сургалтын системийн дэд бүтцийг амжилттай хангаж ажилласан байна.

iTools компанийн ТУЗ-ийн дарга А.Баттамир "Боловсролын салбарын цахим шилжилтийг харвал манай улсын хувьд контент тал нь сайн болж чадсан бол түүнийг хүргэх платформ дээр асуудал гарсан. 

Цахим боловсролын шийдлүүдийг харвал 4 зүйлийг холбох боломж манай улсад байна. 

  • Сургалтын менежментийн хэсэг 
  • Үнэлгээний хэсэг
  • Энэ дунд орхигдож буй даалгаврын сангийн систем
  • Боловсролын салбарын мэдээллийн сиситем 

Эдгээрийг холбовол цогц болно. 

Олон улсын туршлагыг харвал контентыг бодлогын байгууллагууд дээрээ төвлөрч хөгжүүлээд  техникийн шийдлийг Amazon, Microsoft зэрэг технологийн компаниудын үүсгэсэн клауд шийдлийг ашигласнаар олон сая оюутан сурагчдадаа хүргэж байна. 

Энэ шийдлээр манай компани Нийслэлийн 23 дугаар сургууль болон СЭЗИС-ийн цахим сургалтын систем дээр нэмэлт хөгжүүлэлт хийсэн. Тухайн сургуулиудын хувьд цар тахлаас өмнө олон жилийн хугацаанд онлайн сургалтын контент бий болгож хөгжүүлсэн, харьцангуй туршлагатай байсан ч систем нь олон хүн зэрэг ажиллаад эхлэхэд унасан. Үүн дээр хувийн хэвшлийн дата центр гэгддэг iTools интеграц хийж, хэдэн ч оюутан, сурагч нэвтрэхэд гацахгүй байх техникийн боломжийг бүрдүүлсэн" гэв. 

Дотоодын систем дээр ийнхүү цахим сургалтыг явуулах боломж бүрдүүлснээр үүссэн давуу тал нь:

  • Сурагчид дунд удаан ч хүүхэд бий, хурдан сурдаг ч хүүхэд байгаа. Тэгвэл сурагчид ойлгоогүй хичээлээ дахин дахин үзэх боломж гарсан. 
  • Багштайгаа холбогдох шийдлийг гаргаснаар хүүхэд хичээлээ гүнзгийрүүлэн сурах боломж бүрдсэн. 
  • Боловсролын салбарт бий болж байгаа датануудыг гаднын системд биш, дотоодын системд байршуулснаараа давуу талтай. Ингэснээр датаны үнийг бууруулж, эцэг эхэд очих дарамтыг багасгах боломжтой.
  • Багш нарын хувьд сурагчдаа автоматаар үнэлэх боломж бүрдсэн, шалгалт авах систем нь даалгаврын сантай холбогдсон тул. Ингэснээр шийдвэр гаргагчид энэхүү мэдээллийн санг ашиглан боловсролын чанараа сайжруулах боломжтой. 
  • Олон системтэй интеграц хийх боломж бүрдсэн. Ялангуяа, Хур, Дан систем байгаа нь манай орон өөрийн онцлог системийг бий болгох боломж бүрдүүлж байна. Хэрэв гаднын систем оруулж ирвэл түүнд нийцүүлэн нутагшуулах шаардлага үүсэхээс гадна датаны үнийг бууруулах боломжгүй. 
  • Zoom, Microsoft teams-тэй ижил өөрийн цахим хурлын системийг бий болгосон. Нэг хурлын хувьд 5 багштай, 100 сурагч оролцох боломжтой, олон улсын стандартын дагуу хурал зохион байгуулах нэгдсэн систем юм гэдгийг мөн танилцууллаа. 

Ийнхүү хувийн хэвшлийн дата төв цахим сургалтын системийн асуудлыг шийдсэнээр сургууль бүр тусдаа сервер авч мөнгө зарах шаардлагагүй болж байгааг тус компанийн ажилтан тайлбарлалаа. ITools-ийн дэд бүтцийн шийдлийг ашигласнаар тухайн сургууль урьдчилж мөнгө төлөхгүй бөгөөд сурагчдын ачаалал нэмэгдэх үед хэрэглээнд нь нийцүүлэн төлбөр аваад явах аж. Энэхүү системийг одоогоор 100-150 сургууль ашиглах боломжтой юм байна.  

Сэтгэгдэл бичих