Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллана

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өнөөдөр НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн орлогч Нашида Сатарыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд суурин төлөөлөгчийн орлогч Нашида Сатар Байгаль орчны сайд Д.Сарангэрэлийг өнгөрсөн зургаан сарын хугацаанд Ковид-19 цар тахалтай амжилттай тэмцэж сайн ажилласанд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон баяр хүргэж, амжилт хүслээ.


НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон БОАЖЯ нь том, жижиг олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хамтран ажилладаг. Тухайлбал,


  •     Биологийн олон төлөв байдлыг хамгаалах
  •     Ноолуурын нэгдсэн флатформ бий болгох
  •     Уул уурхайн салбарт байгаль орчны үнэлгээ, стратегийг бэхжүүлэх
  •     Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг томоохон төслүүд хэрэгжиж байгаа.


Эдгээр төслүүдийн нь түлхүү хүн төвтэй бөгөөд иргэдэд илүү чиглэсэн тэр дундаа орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахад голлон анхаарч ажилладаг гэдгээрээ онцлогтой юм.


Уулзалтын үеэр төлөөлөгчийн орлогч Нашида Сатар “Хөгжлийн хөтөлбөр болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтын ажиллагаагаа удаан хугацаанд амжилттай үргэлжлүүлж байгаад талархаж байна. Манай Малдив улсын эдийн засгийн тэргүүлэх салбар нь аялал жуулчлал юм . Энэ утгаараа Монгол улсыг аялал жуулчлалын тэргүүлэгч орон болгохын төлөө өөрсдийн арга туршлагаасаа хуваалцан, хамтран ажиллахад үргэлж нээлттэй байна” гэсэн юм.


БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Бид хойч үедээ техник технологийн хөгжил дэвшлээс гадна унаган байгалиа үлдээх нэн тэргүүний зорилготой. Тэр ч утгаараа Монгол улсын байгаль орчин, ард иргэдийн төлөө зориулж байгаа энэ бүх төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй байлгах, цаг хугацаанд нь амжуулахын төлөө та бүхнийг бүх талаар дэмжиж, хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих