Дорноговь аймгийн нийт нутгийн 40 гаруй хувь нь гандуу байна

Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны А/423-р захирамжаар “Төв, суурин газрын 2020- 2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлэн ажиллаж байна. Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 хувьд сайн, 16 орчим хувь буюу Сайхандулаан, Мандах сумын нийт нутгаар муу, 34 хувьд дунд буюу удаашралтай байна.


Сүүлийн жилүүдэд зуншлага оройтож, бэлчээрийн ургамлын ургалт муу, зонхилох ургамалд өвөл, хаврын улиралд бэлчээрт хадгалагдаж үлддэггүй онцлогтой нэг наст лууль, шарилж, саваан булган сүүл, гейманы бөөдий болон таана, хөмөл ургаж байгаагаас шалтгаалан ихэнх сумдын бэлчээр талхлагдаж, даац олон дахин хэтэрч отор нүүдэл, малын шилжилт нэмэгдэн өвөлжилт, хаваржилт хүндрэх болон бусад эрсдэлийг үүсгэж байна гэлээ.


Мал тооллогын 2019 оны жилийн эцсийн дүнгээр 4231 малчин өрхийн 2404.1 мянган толгой мал тоологдож, 699437 толгой эх малаас нийт 702897 төл хүлээн авч, төллөлт 87 хувь, төл бойжилт 99,9 хувьтай эцэслэсэн.


Аймгийн хэмжээнд нийт 360 өрхийн 194.0 мянган толгой мал өөрийн аймгийн бусад сумдад, Даланжаргалан, Айраг, Алтанширээ, Сайхандулаан, Иххэт, Дэлгэрэх, Өргөн, Улаанбадрах сумдын нутагт Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт 200 орчим өрхийн 210 гаруй мянган толгой мал отроор зусаж байна.


Малын шилжилт хөдөлгөөн, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт тавих, гарал үүслийг тодорхойлох тоног төхөөрөмжийг хувийн 24 мал эмнэлгийн үйлчилгээний нэгж үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн ба аймгийн Малэмнэлгийн газар, 14 сумын Мал эмнэлгийн тасагт нэвтрүүлэхээр орон нутгаас 12,1 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн.


Аймгийн хэмжээнд бэлчээрт 3098 худаг ашиглагдаж байгаа нь нийт бэлчээрийн 38,9 хувийг усжуулж байна.


Өрөмдмөл -435
Богино яндант -29
Бетон хашлагат уурхайн-534
Энгийн уурхайн худаг-2100
2020 онд бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхэд улсын төсвөөс санхүүжилт шийдвэрлээгүй. Орон нутгийн хөрөнгөөр 7 суманд 23 инженерийн хийцтэй худаг шинээр ашиглалтад оруулж, 34,5 мянган га бэлчээрийн усжуулан 64,4 мянган толгой мал услах нөхцөлийг бүрдүүлсэн.


Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоолоор аймгийн аюулгүйн нөөцөд 500 тн өвс, 100 тн тэжээл, 14 сумын аюулгүйн нөөцөд 1400 тн өвс, 420 тн тэжээл тус тус бэлтгэхээр тогтоосон. Өнөөдрийн байдлаар аймгийн аюулгүй
нөөцөд 18 тн өвс, 1.5 тн тэжээл, сумдын аюулгүй нөөцөд 21.7 тн өвс хадгалагдаж байна. Цаашид аймгийн өвс, тэжээлийн нөөцийг тогтоосон хэмжээнд бүрдүүлэхэд нийт 229,5 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байна.

Сэтгэгдэл бичих