ХНХЯ: Цахимжуулалт, нэгдсэн сан, төрийн шуурхай үйлчилгээнд анхаарч ажиллана

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, дэд сайд С.Зулпхар Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажиллалаа. Нийгмийн даатгалын салбар цахим системийг нэвтрүүлж иргэдэд онлайнаар үйлчилгээ үзүүлж байгаа. Нийгмийн даатгалын гар утасны аппликэйшнийг өнөөдрийн байдлаар 98 мянга гаруй иргэн ашиглаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нийгмийн даатгалын салбар цахимжуулалтыг сайн хийж байгааг онцлоод цаашдаа иргэдэд хүргэх, ашиглуулах тал дээр илүү анхаарч ажиллахыг дурдав.


Мөн тэрбээр “Өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хэчнээн хүн байгаа, цаана нь орхигдсон хэд, гадаадад хэдэн хүн байгаа зэргийг мэдээллийн нэгдсэн сангаасаа гаргаад улсын хэмжээнд нэг тоотой болбол бодлого нь ч гэсэн зөв болно. Хэрэв бодлого буруу бол иргэн, хувь хүн бодлогын ард хохироод үлддэг. Тиймээс энэ тал дээр нээлттэй, мэдээллийн сангуудын уялдаа холбоог хангаж хамтарч ажиллана” гэв.


Нэгдсэн мэдээллийн сангийн ач холбогдол нь төрийн мэдээлэл нь хоорондоо зөрөхгүй. Иргэдэд үзүүлэх үйлчилгээ түргэн шуурхай, үнэн, бодитой байх боломж нөхцөл бүрдүүлэх юм. Мөн мэдээлэлд үндэслээд төр засаг ухаалаг шийдвэр гаргахад нөлөөлөх өндөр ач холбогдолтой. Өрхийн орлогыг орлуулан тооцох аргачлал иргэдийг нэлээдгүй бухимдуулж байгаа. Тиймээс төрийн мэдээллийн сангуудыг хооронд нь холбочихвол бүх айл өрхийн мэдээллийг бодитоор авах боломжтой болох юм.


Үүнээс гадна халамжийг цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээ үнэн бодитой, түргэн шуурхай, ёс зүйтэй байхад онцгойлон анхаарч ажиллахыг цохон тэмдэглэв.


Сэтгэгдэл бичих