А.Амбасэлмаа: 441 хүний шинжилгээнд халдвар илрээгүй, 16 хүн эдгэрлээ

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс зарлаж байна. 


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 5-нд ХӨСҮТ Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 441 хүний шинжилгээг хийлээ. Бүгд СӨРӨГ буюу коронавирусийн халдваргүй гарсан.


Тодруулбал,

  • Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 251 зорчигч
  • Тусгаарлах байранд тусгаарлагдаж байгаа  53 хүний давтан шинжилгээ
  • Сувилалд байгаа 9 хүний давтан шинжилгээ
  • ХӨСҮТ болон тусгаарлах байранд ажиллаж буй эмч, ажилтан 13 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч
  • Замын-Үүдэд тусгаарлагдсан 86 хүний шинжилгээ
  • Сэлэнгэ, Дорноговь аймагт тусгаарлагдсан тус бүр нэг хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй" гэлээ. 


Мөн өнөөдөр Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдоос дөрвөн хүнийг сэжигтэй тохиолдлоор ХӨСҮТ-д тусгаарлажээ. Мөн ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 16 хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжсэн байна. Тэдний 14 нь энхийг сахиулагч бол хоёр нь долоодугаар сарын 6-н болон 15-нд эх орондоо ирсэн иргэд байна.  

Сэтгэгдэл бичих