"Хэргийн газрын үзлэгээр 46 настай эмэгтэй гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон"

Орон сууцны зургаан давхарт гал гарч, нэг иргэн цонхоор үсрэн амиа алдаж, мөн нэг иргэн тухайн байранд нас барсан олдсон хэргийн талаар бид өмнө нь мэдээлсэн. 


Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өгчээ.


Тэрбээр "Наймдугаар сарын 3-ны өдрийн 21:48 цагт БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны байранд гал гарч, цонхоор хүн унаж нас барлаа гэсэн дуудлага ирсэн. Гал гарсан айлд 46 настай эмэгтэй нас барсан, 23 настай эрэгтэй өндрөөс унаж нас барсан байдалтай хэрэг бүртгэгдэн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.


Хэргийн газрын үзлэгээр дотор байсан 46 настай эмэгтэйг гадны нөлөөтэй нас барсан болохыг тогтоосон. Гэхдээ хэрэг эцэслэн шалгагдаж дуусаагүй байгаа. Шалгалтын ажил эхэлж байна. Хэргийн шалтгаан нөхцлийг тогтооно. Тиймээс янз бүрийн худал ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна. Анхан шатны үзлэгээр илэрсэн нөхцөл байдал мөрдөн шалгах ажлын явцад хэрхэн өөрчлөгдөхийг мэдэх боломжгүй. Шалгаж дууссаны дараа шаардлагатай гэж үзвэл прокурорын зөвшөөрөлтэйгөөр мэдээлэл өгнө.


Энэ хоёр хүн нэг гэр бүлийн гишүүд байсан. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй" гэв. 


Сэтгэгдэл бичих