120 жилийн өмнөх энэ өдөр Гамбургер үүсчээ

1900 оны долоодугаар сарын 27-ны өдөр Америкийн нарийн боовны мэргэжилтэн Луи Лессинг өөрийн төрөлх Нью-Хейвен хотод анхны гамбургерийг худалдаанд гаргажээ. Тэрээр Германы уламжлалт хоёр дугариг талхны завсар хавчуулсан  бифштексэнд соус ба салат ногоо нэмж өгсөн байна. .Энэ л төрх байдлаараа  гамбургер Шинэ тивийн гастрономийн бэлгэ тэмдэг болсон билээ.
Түргэн хоолны энэ төрөл  өнгөрөгч зууны сүүлийн хагасаас Америкчуудын өдөр тутмын хамгийн түгээмэл хоол болсон билээ. 1955 онд анхны ресторанаа нээсэн дэлхийд зартай  түргэн хоолны “Макдональдс” корпорацийн үндсэн бүтээгдэхүүн болох гамбургерыг дэлхийн өнцөг булан бүрт олон мянган цэг салбараар борлуулж байна. Гэхдээ энэ хоолыг хамгийн их хэрэглэдэг хүмүүс бол америкчууд өөрсдөө юм.

Америкчуудын зөвхөн нэг жилд хэрэглэсэн гамбургерыг нэг нэгээр давхарлан дээш өрвөл  дэлхийгээс сар хүртэлх зайг 2-3 дахин нугалсан өндөр цамхагтай дүйцэх бөгөөд харин зэрэгцүүлж тавибал манай дэлхийг экватороор нь 70-80 дахин ороохуйц цуваатай тэнцэнэ. Эндээс үзэхэд Америкчууд дэлхийн улс орнууд дотроос гамбургерыг хамгийн өргөн хэрэглэдэг ард түмэн болох нь тодорхой байгаа биз. Гамбургерыг  оросоор  бутерброд,  манайхаар дундаа хавчуургатай талхан зууш хэмээн орчуулж болох авч дэлхий дахинд “burger”, “hamburger” “burger king” гэсэн нэрээрээ түгэн дэлгэрчээ.

Гамбургер нь түргэн бэлтгэгддэг, тогтсон жор, стандартын дагуу олноор үйлдвэрлэх боломжтой, хэрэглэхэд нэн тохиромжтой, бас илчлэг сайтай хоолны төрөл билээ.

Сэтгэгдэл бичих