Дэлхий даяар халдвар авагсдын тоо 16.3 саяд хүрлээ

Дэлхий даяар Сovid-19 өвчний халдвар авсан хүний тоо хоногт 250 гаурй мянгаар нэмэгдэж, нийт халдвар авагсдын тоо 16,3 сая болжээ. Харин нас барагсдын тоо хоногт 5600 орчмоор нэмэгдэж, 651 мянгад хүрээд байгаа бол халдвар аваад эдгэрсэн хүний тоо 10,029,919 болсон байна.


Цар тахалд хамгийн их өртөөд буй АНУ-д анхны тохиолдол нэгдүгээр сарын 21-нд бүртгэгдсэн бол үүнээс 99 хоногийн дараа нэг сая дахь тохиолдол бүртгэгдэж байжээ. Тус улсад халдвар авагсдын тоо нэг сая дахь тохиолдол бүртгэгдсэнээс 43 хоногийн дараа хоёр сая болж нэмэгдсэн бол үүнээс 28 хоногийн дараа гурван сая дахь халдварын тохиолдол бүртгэгдэв. Ингээд АНУ-д гурван сая хүн халдвар авснаас ердөө 15 хоногийн дотор дахин нэг сая хүн халдвар авч, нийт халдвар авагсдын тоо дөрвөн сая давжээ. Үүнээс харахад цар тахлын тархалт буурах бус улам хурдацтай нэмэгдсээр байгаа юм.


Мөн халдвар авсан хүний тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж буй Бразил улсад таван сарын дотор 2,4 сая хүн коронавирусийн халдвараар өвчлөөд байгаа бол цар тахлыг амжилттай тогтоон барьж чадсан гэгдэж байсан Вьетнам улсад 100 хоногийн дараа дотоодод нь дахин халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.


Олон улсын эрдэмтэн судлаачид амны хаалт зүүх, гараа тогтмол угаах ариутгах, олон нийтийн газраар зорчихдоо хүн хоорондын зайг баримтлах гэсэн энгийн бөгөөд хялбар гурван аргыг хүн бүр зуршил болговол коронавирусийн халдвараас вакцингүйгээр сэргийлэх боломжтойг анхааруулсаар байна.




Сэтгэгдэл бичих