Дятловын аялагчдын үхлийн шалтгаан тайлагдлаа

Уралын нурууны хойд нутагт Дятловын аялагчдын багийнхан учир битүүлгээр амь насаа алдсанаас хойш 61 жилийн дараа тэдний үхлийн нууцыг тайлж чаджээ. Энд харь гаригийнхан ямар ч хамаагүй гэж мөрдөгчид хэлсэн байна.

 

Уралын нурууны хойд нутагт 1959 онд болсон Дятловын багийн хэсэг аялагч нар учир битүүлгээр амь үрэгдсэн шалтгааныг Оросын мөрдөгчид саяхан тогтоожээ. Тэдний хэлснээр, цас нурснаас болоод хоргодох газаргүй болсон аялагчид хөлдөж нас барсан байна. 23 настай Игорь Дятловын удирдсан багийн туршлагатай аялагчид Уралын хойд нутгаар аялаж явахдаа Отортен уулаас холгүй газарт амь үрэгджээ.

 

Жуулчид уул нуруугаар 300 километр аялж, гэхдээ товлосон цагтаа холбоо бариагүй байна. Мөрдөгчид удтал эрж хайсны эцэст багийн бүх хүний хөлдсөн цогцсыг олжээ. Ийнхүү аялагчид тайлбарлах аргагүй мэт бэртэл авч, зарим хувцас нь тайлагдсан байжээ. Энэ нь энд харь гарагийнхан, уулын барс болон бусад тайлбарлах аргагүй хүчний хөндлөнгийн оролцоо байжээ гэх олон жилийн цуу яриа тарахад хүргэсэн юм. Гэвч аялагчид хөлдөж үхсэн бөгөөд тэдэнд аврагдах ямар ч боломж байгаагүй гэдэгт он удаан жилийн ажлын эцэст мөрдөгчид итгэлтэй байна.





Уралын политехникийн дээд сургуулийн хэсэг оюутан болох долоон залуу, хоёр бүсгүй сүүлчийн шөнө Холатчахль уулын бэлд майхнаа барин буудалласан нь тодорхой болжээ. Гэвч цаашдын явдлыг эрлийн дараа гаргасан зураглалаар  сэргээн тогтоосон байна. Хагас нүцгэрсэн оюутнуудын цогцос майхнаас нэг километрийн зайнаас олдож, дотор нь байсан хувцас, эд зүйлс байх газартаа байсан ч,  майхан нь дотроосоо зүсчихсэн мэт байдалтай байжээ.


Аялагчид хувцасаа өмсөж амжилгүйгээр майхнаас сандран гүйж гарцгаасан мэт мэдрэмж төрсөн байна. Майхныг олсны дараа мөрдөгчид нэлээд хэдэн өдрийн дараа цогцсуудыг олжээ. Юрий Дорошенко, Юрий Кривощенко хоёрыг хамгийн эхлээд олоход тэд  унтарсан түүдгийн дэргэдэх майхнаас холгүй орших голын дэргэд байсан аж. 




Удалгүй багийн удирдагч Игорь Дятловын цогцсыг түүдэг галаас нэлээд хэдэн зуун метрийн зайнаас олжээ. Энэхүү эмгэнэлт явдал болсон давааг сүүлд түүний нэрээр нэрлэсэн юм. Эндээс холгүй газраас мөрдөгч нохой 22 настай Зина Колмогорова болон Рустем Слободлин хоёрын цогцсыг олсон байна. Биеийн байрлалаас нь үзэхэд, оюутнууд  майхныхаа зүг мөлхөх гэж оролдсон бололтой гэсэн дүгнэлтийг мөрдөгчид хийжээ.


Үлдсэн хоёр хүний цогцсыг бүр цас ханзарсан хавраар ойроолцоох жалганаас олсон байна. 21 настай Людмила Дубинина, 38 настай Семен Золотарёв хоёрын гавлын яс бяцарч, хавирга нь хугарч, хоёр нүд болон хэл нь байхгүй байжээ. Бүлээцэхийн тулд ухсан байж болох цасны гүнээс тэдний цогцсыг олсон байна.






Мөрдөх ажиллагаа нэлээд хэдэн жил үргэлжилсэн ч аялагчдын амь үрэгдсэн шалтгааны тухай яг тодорхой дүгнэлтэд хүрч чадаагүй байна. Гэвч хэргийг хааснаас хойш олон арван жилийн дараа буюу 2019 онд Оросын прокурорын байгууллага мөрдөх ажиллагааг сэргээхээр шийдвэрлэжээ. 


Ийнхүү энэ хэрэг явдлын нууц тайлагдлаа гэж Ерөнхий прокурорын байгууллагын төлөөлөгч Андрей Курьяков нэг жилийн дараа мэдэгдлээ. Жуулчдын буусан газрыг дайрч өнгөрсөн цасны нуранги тэдний үхлийн шалтгаан болжээ гэж мөрдөгчид үзсэн байна.




Прокурорын байгууллагын ажилтнууудын мэдэгдсэнээр, аялагчид ямар ч алдаа гаргаагүй ажээ. Цасны нуранги уулын хярд тулан зогсоход, тэд гал асааж, майхан руугаа буцах гэж оролдсон байна. Гэвч цас шуурч, 16 метрийн цаадах зүйл харагдахгүй болсон учир багийн гишүүд цасан дундаас майхнаа олж чадаагүй аж.



 

Ерөнхий прокурорын газрын төлөөлөгч Андрей Курьяковын ярьснаар, эмгэнэлт явдал болох шөнө Уралын нуруунд хасах 40-45 градус хүйтэрч, хоргодох газар олж чадаагүй аялагчид хөлдөж үхсэн байна. “Энэ нь баатарлаг тэмцэл байсан хэрэг. Сандарч тэвдсэн зүйл байгаагүй, гэхдээ ийм нөхцөлд тэдэнд амьд гарах магадлал байсангүй” гэж Андрей Курьяков хэлжээ. 




Прокурорын газрын ажилтнууд тэр шөнийн нөхцөл байдлыг сэргээн үзүүлэхийг оролдон, мөрдөлтийн туршилт хийжээ.  Туршилтын дүн мөрдөх ажлын дүгнэлтийг нотолсон байна.


Дятловын багийнхны үхлийн учир битүүлэг нууц нийгэмд өч төчнөөн цуу яриа, таамаглал, онол гарахад хүргэсэн юм.  Аялагчид нутгийн бөө нар, харь гарагийнхны гарт, эсвэл нууц зэвсгийн туршилтын улмаас амь үрэгджээ хэмээн нотолж байжээ. Гэвч одоо Оросын прокурорын байгууллагын дүгнэлт энэ бүх таамаглалыг няцааж байна.



 

Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Сундуй - 202.9.47.92020-08-22 14:08:49

Их л олон жилийн дараа тайллаа даа. Бараг 60 жил болсон байх шүү...