ОХУ-д коронавирус Хятадаас орж ирээгүйг илрүүлэв

Орост "CОVID-19" хаанаас орж ирснийг эрдэмтэд тогтоожээ хэмээн хэвлэлд бичжээ. Сколковын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн Орос дахь CОVID-19-ийн геномын эпидемиологийн тухай товч материалыг анх нийтлүүлжээ.

 

Биологийн шинжлэх ухааны доцент, хүрээлэнгийн профессор Георгий Базыкины удирдсан судалгааны баг вирусийн хувьсал өөрчлөлтийг судлаад, вирусийн генетикийн дарааллыг харьцуулсан байна.

 


Оросын хэд хэдэн хүрээлэнгийн төлөөлөгчидтэй хамтран өргөн цараатай судалгаа явуулжээ. Ийнхүү CОVID-19 Орост орж ирсэн онцгой замын тухай анхны таамаглал нотлогджээ.


Тодруулбал, “Бид Оросын олон хотод вирус гаднаас орж ирсэн дор хаяж 67 тохиолдлыг ажиглалаа. Энэ нь ойролцоогоор, 2020 оны хоёрдугаар сарын сүүлч буюу гуравдугаар сарын эхэн юм. Дараа нь тэр үеийн вирусийн геном болон хүн амын шилжилт хөдөлгөөнийг харьцуулаад, CОVID-19 орж ирсэн нарийн зургийг гаргасан юм. Вирус Орост Хятадаас биш, харин Европоос зөөвөрлөгдөн орж ирсэн байна” гэсэн дүгнэлтийг хийлээ гэж судалгааны материалд өгүүлжээ.

 

Эрдэмтэд 2020 оны гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 23-нд Оросын нийт нутаг дэвсгэрээр танилцуулсан вирусийн 211 геномын иж бүрэн дээжид дүн шинжилгээ хийсэн байна.

 

"Коронавирусийн халдвар ОХУ-ын нутагт Хятадаас биш, харин хаврын эхэн үеэр Европоос ирж ирсэн юм" гэж профессор Базыкин мэдэгджээ. Одоо Орос улс CОVID-19-ийн тохиолдлын тоогоор дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байгаа юм.

 


Б.Атар

Сэтгэгдэл бичих