76 жилийн өмнөх энэ өдөр Адольф Гитлерийн амь насанд халдахыг завджээ

Пруссийн зүүн нутгийн Растенберг хот дахь Гитлерийн өргөөнд 1944 оны долоодугаар сарын 20-нд түүний амь насанд халдах гэж оролджээ. Энэ нь төрийн эргэлт хийж, нацистын засгийн газрыг түлхэн унагаах зорилготой  “Генералуудын хуйвалдаан” буюу “Долоодугаар сарын  20-ны хуйвалдааны” оргил цэг болсон юм.


Цэргийнхэнтэй уулзаж байх үеэр жанжин штабын 37 настай дэд хурандаа Клаус Шенк фон Штауффенберг зөвлөгөөний ширээний дор цагийн механизм бүхий цүнх тавьжээ. Удалгүй тэрээр “би утсаар ярих ёстой” гэж хэлээд, уучлал эрж, өрөөнөөс гарч явсан байна.


Зөвлөгөөний үеэр офицеруудын нэг нь Штауффенбергийн орхиж гарсан цүнхийг ширээнээс хэдэн метр холдуулан тавьжээ. Энэ нь Гитлерийг аварсан байна.


Ийнхүү 12 цаг 42 минутад маш хүчтэй дэлбэрэлт болжээ. Зууван ширээ хэмхрэн хийсч, тааз нурсан байна. Зөвлөлгөөнд оролцсон 24 хүнээс дөрөв нь газар дээрээ амь үрэгдэж, бусад нь шархдан гэмтэл авчээ. Гитлер өөрөө амьд гарсан ч их шархдаж, битүү бэртсэнээр түүний баруун гар нь хэсэг хугацаанд мэдээгүй болсон байна.


Ийнхүү Фюрер аймшигтайгаар өшөө авчээ. Тэр өдөр Берлинд Штауффенберг болон хуйвалдаанд оролцсон бусад хүнийг баривчилж, буудан хороосон байна. Хуйвалдааныг илчилсэн тухай албан ёсоор зарласны дараа 7000 гаруй хүнийг баривчилж, 200 орчмыг нь цаазалжээ. Тэднээс олон хүн үхэхдээ их зовсон бөгөөд тэднийг төгөлдөр хуурын чавхдас утсаар боомилж алсан байна.

 



Б.Атар

Сэтгэгдэл бичих