Эрдэмтэд коронавирусийн зургаан үндсэн хэлбэрийг илрүүлэв

Лондон хотын хатан хааны коллежийн эрдэмтэд өвчний шинж тэмдэг, хүндрэлийн түвшингийн онцлог болж буй коронавирусийн зургаан үндсэн хэлбэрийг илрүүлсэн байна. Телевизийн Sky News суваг судалгааны материалыг иш татан ингэж мэдээлжээ.

 

"COVID-19"-ийн хэлбэрүүд нь халдвар авсан өвчтөнүүдэд хүндрэл даамжрах эрсдэлийг илрүүлэх боломж олгож байгаа  нь уг вирусийг эмчлэхэд чухал ахиц болно гэдгийг тэмдэглэж байна.

 

Эрдэмтдийн хэлснээр, эхний хоёр хэлбэрийг “томуутай төстэй” хэлбэр хэмээн тодорхойлж болох ажээ. Тухайлбал, толгой өвдөж, ханиалгаж, хоолой өвдөж, үнэрлэх мэдрэмжээ алддагийг онцолж байна. Эхний хэлбэрийн үед өвчтөний булчин болон цээжээр өвдөж болох аж. Хоёр дахь хэлбэрийн үед өвчтөн халуурч,  хоолой сөөж, хоолонд дургүй болдог байна.

 

Британийн эрдэмтэд гурав дахь хэлбэрийг “ходоод-гэдэсний” хэлбэр гэж тодорхройлжээ. Энэ тохиолдолд суулгах, хоолонд дургүй болох хэлбэр илэрдэг байна. “Ядрах” хэмээн тодорхойлсон коронавирусийн дөрөв дэхь хэлбэрийн үед өвчтөнүүдийн бие байнга тавгүйрхэж, ядарч, халуурч, толгой өвдөж, үнэр мэдрэхээ больж, ханиалгаж, хоолой сөөдөг байна.

 

Судлаачид тав болон зургаа дахь хэлбэрийг коронавирусийн илрэх хамгийн хүнд хэлбэрт хамруулжээ. Тав дахь хэлбэр нь “ухаан санаа самуурах” байдлаар илэрч, халдвар авсан хүний толгой өвдөж, үнэрлэх мэдрэмж алдагдаж, хоолонд дургүй болж, ханиалгаж, хоолой сөөж, халуурч, цээжээр өвдөж, түүнчлэн ядарч, ухаан санаа самуурдаг байна.

 

Зургаа дахь хэлбэр нь “амьсгалын” замын хэлбэр юм. Энэ үед толгой өвдөж, халуурч, суулгаж, амьсгаадаж, хоолой, цээж, гэдсээр өвдөж, үнэр мэдрэхээ больж, хоолонд дургүй болж, ухаан санаа самуурч, хоолой сөөж, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

 

Үүний өмнө эрдэмтэд коронавирусийн хамгийн эртний шинж тэмдэгийн тухай ярьжээ. Амны хөндийн энэнтема буюу салслаг бүрхүүл ихээр биржрүүтдэг нь COVID-19-ийн хамгийн эхний шинж тэмдэгийн нэг юм гэсэн дүгнэлтийг Испанийн эрдэмтдийн баг хийсэн байна.

 



Б.Атар

Сэтгэгдэл бичих