Улсын төсөв 2 их наяд 198 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

Үндэсний статистикийн хороо 2020 оны хагас жилийн тайлангаа өнөөдөр /2020.07.17/ танилцууллаа. 2020 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын төсөв 2 их наяд 198 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Харин зургаадугаар сарын байдлаар улсын төсөв 619.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь өнгөрсөн таван жилийн байдалтай харьцуулахад хамгийн их алдагдалтай сар болж байна.


Харин гадаад худалдааны хувьд эерэг үзүүлэлт ажиглагдсан байна. Тодруулбал, 2020 оны эхний хагас жилийн байдлаар гадаад худалдааны нийт эргэлт 5288.5 сая ам.доллар, тэнцэл 368.2 сая ам.долларт хүрчээ. Экспортын хувьд 2828.3 сая ам.доллар, импорт нь 2460.1 сая ам.долллар хүрэв. Харин зургадугаар сард гадаад худалдааны тэнцэл 354.3 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн таван жилийн нөхцөл байдалтай харьцуулахад хамгийн их ашигтай ажилласан сар болж байна.


Үүний зэрэгцээ, төгрөгийн хадгаламжийн хувьд өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад огт өсөөгүй, 10.9 их наяд төгрөгт хадгалагдаж байна. Харин валютын хадгаламжийн хувьд 4.3 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Сэтгэгдэл бичих