Нуурын уснаас дөрвөн хүүхдийн амийг аварчээ

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын цагдаагийн хэлтэст өчигдөр /2020.7.14/ 09.30 цагт “Манай дөрвөн хүүхэд нууранд живлээ, туслаарай” гэх дуудлага  иржээ. Дуудлагын дагуу тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Раднаабазар, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Мөнхтуяарах-Од нар 09.40 цагт Гүрмийн нуурны зүүн талд шуурхай очиж шалгахад дөрвөн хүүхэд нуурын эргээс холдон  хийлдэг гудас дээр хөвж явсан байна.


Тус нуур нь 30 метр гүн, 20 км радиустай бөгөөд цагдаагийн алба хаагчид автомашины дугуйны олгой хаммерыг хийлж, усны хантааз өмсөн Баян-Овоо сумын дөрөвдүгээр багийн Засаг дарга С.Отгонбаярын хамт нуур руу сэлж орон 5-8 насны дөрвөн хүүхдийг уснаас эсэн мэнд гаргажээ.


Үер усны улмаас гол, нуур, цөөрмийн түвшин дээшилсэн энэ үед ард иргэд амарч, аялаж зугаалгаар явахдаа бага насны хүүхдүүдийг гол, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, хийлдэг завь, гудас ашиглуулахгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж сэрэмжлүүлж байна. 


Сэтгэгдэл бичих