Коронавирусийн хүний биеийг гэмтээдэг гол бай нь юу вэ?

Коронавирусийн хүний биеийг гэмтээдэг гол “бай” нь уушги биш, харин судас гэнэ. COVID-19-өөр өвчлөөд, эдгэрсэн хүмүүст тулгардаг үр дагавар үүнтэй холбоотой аж. Новосибирскийн Бүлэгнэлтээс сэргийлэх төвийн тэргүүн Андрей Громов телевизийн “Россия 24” сувгийн нэвтрүүлгээр энэ тухай ярьжээ.

 

“Саяхан бид COVID-оор өвчилж эдгэрсэн ойролцоогоор 40 хүнийг шинжлээд байгаа. Харамсалтай нь тэдний нэлээд хэсэгт буюу гуравны нэгээс цөөнгүйд нь цусны болон клиникийн өөрчлөлт хоёр сар гаруйн турш хэвээр байна. Мөн судасны нэлээд аюултай үрэвслийн үйл явц, бүлэгнэлийн хувьд гардаг онцлог өөрчлөлт явагдаж байна. Харвалтын өмнө юм уу түүний хурц үед бид ийм дүр зургийг ажигладаг юм” гэж Громов хэлсэн байна.

 

Тэрээр мөн "COVID-19 нь хялгасан судас болон бусад судас, эсэд голчлон тархдаг нь үрэвслийн үйл явц үүсгэдэг байна. Өөрөөр хэлвэл энэ нь гол гурван бай юм. Уушги бол хоёрдогч бай нь юм. Үйл явцын аюултай байдал, олон дагалдах үзэгдэл нь үүнтэй холбоотой юм. Эмч нар COVID-19-тэй дөнгөж ажиллаж эхлэх үед судасны дотоод гол гэмтлийн шалтгааныг тайлж, стандарт эмчилгээг сонгож болно хэмээн найдаж байсан юм" гэж тайлбарлажээ.

 

“Бид  судас гэмтэх эмгэгийн шалтгаан, өөрөөр хэлбэл механизмыг нь тайлах гэж оролдож байна. Гэхдээ энд нэг биш, янз бүрийн гэмтэлтэй тулгарч байгаа нь ажиглагдаж байна. Өвчтөн болгонд өвчин өөр өөр явцтай байдаг. Тиймээс нэг хэв маягийн стандарт эмчилгээ тохиромжгүй. Гэсэн ч өвчтөнийг эмчлэх учиртай бөгөөд эхний шатанд ямар ч өвчин амжилттай эмчлэгддэг” хэмээн шинжээч тайлбарласан байна.

 



Б.Атар

Сэтгэгдэл бичих