АНУ-д халдварын батлагдсан тохиолдол 3 саяыг давлаа

 АНУ-д өчигдөр буюу лхагва гарагт коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 3 саяын босгыг давлаа.


Тус улсын Техас, Флорида, Аризона, Луйзиана зэрэг өмнөд мужууд тахлын шинэ голомтууд болоод байна. Мягмар гарагт АНУ-д анх удаа 60,000-аас дээш халдвар тээгч шинээр бүртгэгдсэн нь тус улсын хувьд төдийгүй дэлхий дахинд нэг өдрийн дотор хамгийн олон халдвар тээгч илэрсэн тохиолдол байлаа.


Цар тахлын оргил үед буюу дөрөвдүгээр сард нэг өдөрт дээд тал нь 36,000 халдварын тохиолдол илэрч байсан юм. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд АНУ энэхүү шинэ дээд үзүүлэлтээ зургаа дахин шинэчлээд байна.


Өчигдөр өглөө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эрүүл мэндийн байгууллагатайгаа ирэх намар хичээл сургууль эхлүүлэх талаар санал зөрөлдөж байгаагаа мэдэгджээ. “Герман, Дани, Норвеги, Швед зэрэг олон улс орон сургуулиудаа асуудалгүй нээгээд байна. Америкийн сургуулиуд 11 дүгээр сарын сонгуулиас өмнө нээгдвэл Ардчилсан Намынханд ашиггүй байгаа бололтой. Гэвч хүүхдүүд, эцэг эхчүүдэд энэ нь маш чухал юм” гэж тэрээр твиттер хуудсандаа бичсэн байна.


АНУ-ын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх төв ирэх намар эхлэх хичээлийн шинэ жилийг хойшлуулах саналтай байгаа юм. Гэвч Трампын дурдсан улс орнууд коронавирусийн цар тахалд харьцангүй бага нэрвэгдсэн бол АНУ нь дэлхийд хамгийн өндөр тархалттай байгаа билээ.


Сүүлд эхэлсэн давалгаанд халдарын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа ч нас баралтын тооны өсөлт харьцангуй тогтвортой байна. Дөрөв, тавдугаар саруудад АНУ-д өдөрт 3000 хүн нас бардаг байсан бол өнөөдөр дунджаар 600 орчим болжээ.


Хоёр дахь давалгаанд залуус голлон халдвар авч байгаа нь үүний нэг шалтгаан гэнэ. Тухайлбал, Флорида мужид бүртгэгдсэн шинэ халдвар тээгчдийн голч нас 30 гаруй байгаа бол Аризона мужийн тахлын төв Финикс орчимд илэрсэн халдварын тохиолдлуудын тал нь 35 хүртэл насныхан байна.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Od - 182.160.35.882020-07-09 09:29:31

Teneg bas zonog shar tolgoit. Hunee tsoolohiin tuus bolson ymuu haashaa ym mal chini