Засгийн газрын "заавал" хэрэгжүүлэх ёстой чухал бодлогууд

 Засгийн газраа дахин тэргүүлэхээр сонгогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүлээх хамгийн том ажил нь цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдлыг давах эдийн засгийн бодлого юм. Нэгэнт МАН энэ удаагийн УИХ-ын  сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудал авсан тул Засгийн газрын газрын мөрийн хөтөлбөр нь намын мөрийн хөтөлбөрийг дагуу хэрэгжиж таарна. 


Тэгвэл МАН мөрийн хөтөлбөртөө эдийн засгийн бодлогыг хэрхэн тусгасныг, тэр дундаа тодорхой тоо заан зорьсон хөтөлбөрүүдийг дахин нэг сануулъя. 


150 мянган ажлын байр бий болгоно


 

Цар тахлын үед ажлын байр хадгалах нь хамгийн чухал байгаа ч Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хоёр багц арга хэмжээ нь үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болж чадаагүйг бизнес эрхлэгчид хэлэхээс гадна ҮСХ-ны судалгаа харуулж буй. Тухайлбал, эхний таван сард 9.4 мянган хүн Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авсан нь өмнөх оноос 34% өссөн тоо бөгөөд тус сангийн зардал 31.8 тэрбум төгрөгөөр өсчихөөд буй.

 


Мөн 31 мянган хүн ажил хайж байгаа судалгаа гарсан. ААН-үүдийн 93 хувь нь үйл ажиллагаа нь доголдож, 85% нь орлого нь буураад буй. Ийм хүнд нөхцөлд 150,000 ажлын байр шинээр бий болгох зорилтыг Засгийн газар хэрэгжүүлэх нь. Үүний тулд үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, баялаг бүтээгч, хувийн хэвшлийг дэмжсэн бие даасан хууль эрх зүйн орчинг бий болгох зэргээр тусгажээ.

 


Ипотекийн зээлийн хүүг 4-6% болгоно 


Иргэдээ орон сууцтай болгох зорилтыг МАН тавьж, урьдчилгаа төлбөргүй, 4-6 хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгаад байна. Энэ нь эдийн засаг талаасаа өнгөрсөн дөрвөн жилийн нэг алдаагаа засах боломж байж болох юм. 


Учир нь МАН 2016 онд Засгийн эрхэнд гарснаараа эдийн засгийг, дундаж орлоготой иргэдийг дэмжиж ажлын байр хадгалж, агаар орчны бохирдлыг бууруулах маш олон талын ач холбогдолтой ипотекийн зээлийн хөтөлбөрийг сааруулснаараа иргэдээ боомилж, автомашины импортыг нэмэгдүүлэхэд түлхэж, замын түгжрэлийг нэмэгдүүлэх хөшүүрэг болсон байдаг. Монгол Улс өнгөрсөн 2019 онд түүхэндээ анх удаа тэрбум гаруй ам.долларыг зөвхөн авто машин импортлоход зарцуулсан нь ипотекийн зээлийн хөтөлбөрийг гацаасантай шууд холбоотой билээ. 

 


Нэг сая жуулчин авдаг болно



ЗГХЭГ-ын  дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймаг 400 сая жуулчин хүлээн авах боломжтой хэмээн ярьж байсныг бодвол МАН бодитой хэрэгжиж болохуйц тоог мөрийн хөтөлбөртөө зорилт болгон дэвшүүлжээ. Ирэх дөрвөн жилд манай улс нэг сая жуулчин хүлээн авахаар зорьсон байна. Одоогоор Монгол Улс хамгийн олон жуулчин хүлээн авсан дээд амжилт нь 570,262 буюу 2019 оны үзүүлэлт байгаа. Гэвч цар тахлын нөлөөгөөр аялал жуулчлалын салбар өнөөдөр хамгийн хүнд байдалд ороод байгаа билээ. 


МАН ийнхүү нэг сая жуулчин авдаг болохын тулд аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу тогтоосон 39 байршилд түр буудаллах үйлчилгээний цогцолбор байгуулж, үйлчилгээний чанарыг сайжруулж, Хэнтийд эзэн Чингис хааны, Орхоны хөндийд Нүүдэлчдийн төрт улсын, Сэлэнгэд Ардын хувьсгалын, Дорнодод Халх голын ялалтын, Төв аймагт археологи, угсаатны, Дундговьд палеонтологийн, Өмнөговьд үлэг гүрвэлийн, Баян-Өлгийд байгалийн, Хөвсгөлд байгаль, ан амьтны, Баянхонгорт хүн төрөлхтний үүсэл гарвалын, Ховдод олон ястны музей, цогцолбор байгуулах зэргээр тусгажээ. Мөн агаарын тээврийн либералчлалыг хэрэгжүүлж, нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэн, рсөлдөөнийг дэмжих замаар дотоод, гадаад нислэгийн үнийг хямдруулахаар зорьсон байна. 

 

Зээлийн хүүг сарын 1% болгоно


Зээлийн хүүг сарын 1% буюу жилийн 12%-д хүргэх зорилтыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгав. Монголбанкны статистик мэдээллээ тавдугаар сарын байдлаар банкуудын олгож буй зээлийн жигнэсэн дундаж хүү 17%, байгууллагын зээлийн хүүн 15.9% байна. 


Зээлийн хүү бол захиргаадалтын аргаар бус зах зээлийн зарчмаараа буурдаг зүйл. Энгийнээр бол банкуудын нийт активын 80 хувийг эзэлдэг иргэдийн хадгаламжийн хүүг бууруулж чадвал хүү буурна. Харин хадгаламжийн хүү инфляцаас өндөр тогтож байж иргэд банканд мөнгөө хадгалуулдаг. 



Товчхондоо, МАН зээлийн хүүг 12% хүртэл бууруулахын тулд инфляцаа нам дүр түвшинд хүргэх шаардлагатай. Энэ талаар мөрийн хөтөлбөртөө “Валютын нөөцийг нэмэгдүүлэх, инфляцын түвшинг багасгах, төгрөгийн ханшийн уналтыг зогсоох зэрэг мөнгөний зохистой бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” гэсэн өгүүлбэр л оруулсан байна. Харин Монголбанкны мөнгөний бодлогын зорилтод инфляцыг 8 хувиас хэтрүүлэхгүй, урт хугацаандаа 6 хувьд барихаар тусгасан. 


Гадаад худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэнэ


“Монгол экспорт” хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж, гадаад худалдааны нийт эргэлтийн хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэхээр тусгажээ. Гадаад худалдаагаа нэмэгдүүлэх хүрээнд Замын Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Боршоо, Бичигт зэрэг хилийн боомтуудын хүчин чадлыг 3-7 дахин нэмэгдүүлж, экспортлогч орон болох замаар гадаад өр зээлээ дарж, өрийн дарамтгүй улс болох зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. 


Монгол Улс 2018 онд 12.9, 2019 онд 13.7 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийсэн нь манай улсын дээд рекорд болж байв. 2020 оны хувьд цар тахалтай холбоотойгоор экспорт 40, импорт 20% буурчихаад байгаа. Олон улсын санхүүгийн байгууллагууд, шинжээчдийн таамаглаж байгаагаар эдийн засгийн нөхцөл байдал 1-2 жилдээ хуучин хэвэндээ орохгүй хэмээн таамаглаж буй. Нөгөө талаар эдийн засгийн хямралын шалтгаан нь цар тахал. Халдварын тахал хэзээ намжихыг хэн ч хэлж чадахгүй буюу гадаад нөхцөл байдал тодорхойгүй учраас эрэлт, хэрэглээ нэмэгдэж, худалдаа хэвийн хэмжээнд хүрэх нь мөн тодорхойгүй байгаа билээ. 

 






Г.Хулан 

Сэтгэгдэл бичих