Лестер Сити клубын довтлогч Жейми Варди тэнцээний гоолыг оруулжээ

Английн Премьер лигийн 34 дүгээр тойргийн гурван тоглолт өнгөрсөн шөнө болоход Арсенал клуб/Их буучид/ талбайдаа Лестер Сити клуб/Үнэгнүүд/-ийг хүлээн авч тоглолоо. 1-1 харьцаагаар өндөрлөсөн тоглолтын тэнцээний гоолыг арван хүнтэй Их буучдын эсрэг Үнэгнүүдийн довтлогч Жейми Варди хийлээ.


Тоглолтын эхний гоолыг 21 дэх минутад Букаяо Сакагийн дамжуулалтаар Их буучдын довтлогч Пьер-Эмерик Аубамеяанг оруулсан. Харин хоёрдугаар үеийн 75 дахь минутад Арсеналын өөр нэгэн довтлогч Эдди Нкетиа улаан хуудас хүртэн талбайгаас хөөгдөв. Ийнхүү 10 хүнтэй болсон талбайн эздийн хаалганд тоглолтын үндсэн цаг дуусахаас 6 минутын өмнө Демарей Грейн дамжуулалтаар Варди улирлын 22 дахь гоолоо оруулсан юм.


Уг тоглолтоос өмнө Кристал Палас клуб талбайдаа Челси клубийг хүлээн авч 2-3 харьцаагаар хожигдсон бол хасагдах бүсэд яваа Уотфорд, Норвич Сити багууд халц тулж Уотфорд ялалт байгуулсан юм. 2-1 харьцаагаар хожсон талбайн эздээс Арсеналын хуучин цэрэг Дани Уэлбэк хожлын гоолыг хийсэн байна.

Сэтгэгдэл бичих