Н.Жанцанноров: Бид наадмын үзүүлбэрүүдийг чанартай хийх гэж олон хоног зүтгэж байна

Наадмын бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид мэдээлэл өглөө.

Энэ үеэр Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Би 1980 оноос хойш энэ жил 50 дахь жилдээ үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаанд жил алгасахгүйгээр оролцож байна. Энэ жилийн наадам маш их онцлогтой болж байна. Засгийн газраас наадмыг зохион байгуулах шийдвэр гаргаж, уран бүтээлчид ажилдаа эрт орсон. Бид наадмын нээлт, урлагийн үзүүлбэрүүдийг техникийн чанарыг олон улсын түвшинд хийх гэж зүтгэж, олон хоног ажиллаж байна.


Өмнөх наадмуудын арга хэмжээнүүдээс давуу болон сул талууд бий. Наадмыг нээлтийг 15 мянган хүн үздэг. 600-700 хүн урилгаар, 2000 орчим жуулчин үздэг. Үндсэндээ 13 мянган хүн ирж үздэг. Монгол Улсын хүн амын нэг хувь нь 32 мянга. Тэгэхээр нэг хувьд хүрэхгүй хүн үздэг гэсэн үг. Наадам, тоглолтыг үзэж чадахгүй байна гэх асуудал цөөхөн хүний асуудал. Наадмыг олон хоног бэлдсэн ч шууд дамжуулахад маш олон алдаа гардаг.


Энэ удаа бүгдийг урьдчилан бэлдэж, бичлэгийг хийгээд одоо эвлүүлгийг хийж байна. Өмнө нь зохион байгуулж байсан наадмуудаас техникийн хувьд 3-4 дахин чанартай байх болно. “13-р зуун” цогцолборыг наадам зохион байгуулах комисс сонгож авсан. Би очиж ажиллаж үзсэн. Уул, гэр, хөндий харагдацтай газрыг бэлтгэж наадмын зургийг аваад цахимаар гаргахад маш их мөнгө хэрэгтэй. “13-р зуун” цогцолбор байршлын хувьд зөв сонголт болсон" гэв. 

Сэтгэгдэл бичих